ХОВД: Коллежийн оюутнууд дадлагын хугацаанд байшин барьж бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-30 13:12:19

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь "Хөгжил" политехник коллежийн хамт олон суралцагчдаа дэмжих, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэх олон бүтээлч ажил өрнүүлж байна.


Энэ удаа барилгын чиглэлээр суралцагч оюутнууд болон багш нар хамтран үйлдвэрлэлийн дадлага ажлыг бодит бүтээн байгуулалт болгож, канад технологиор шинэ байшин барилаа.


Уг байшинг сургуулийнхаа амжилт, хүмүүжлээрээ манлайлагч оюутан Т.Отгонбаатарт бэлэглэжээ. 


Тус бүтээн байгуулалтыг хийхэд Иргэний барилгын тeхникч мэргэжлээр суралцаж буй хоёрдугаар дамжааны 15 оюутан, Л.Батдэлгэр тэргүүтэй барилгын чиглэлийн 10 гаруй багш хамтран ажилласан бөгөөд 20-25 хоногийн хугацаа зарцуулсан юм. 


Мөн тус сургуулийн Залуучуудын зөвлөл байшингийн доторх тохижилт, зарим тавилгыг хийж, суралцагч Т.Отгонбаатарын гэр бүл амьдрах тохилог орчин бүрдүүлжээ. 


Ийнхүү мэргэжлийн багш нарын заавар, зөвлөмжийн дагуу оюутнууд өөрсдөө байшин барьсан нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд давуу талтай. 


Ховд аймаг дахь "Хөгжил" политехник коллежид энэ хичээлийн жилд 1226 оюутан суралцаж байна.

Үүний 523 нь барилгын чиглэлээр суралцаж буй оюутан юм. 


相关新闻