Таван суурьт өвчлөл гараад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Ханхонгор суманд хонины цэцэг өвчин гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тухайн өвчин одоогийн байдлаар тус сумын нутагт 5 суурьт гараад байна.
Өмнөговь аймгийн ХХААгазрын Мал эмнэлгийн хэлтсээс мэдээлж байгаагаар Ханхонгор сумын Хондот, Жаргалант багийн 4 өрхийн 658 хонийг устгалд оруулаад байгаа аж. Мөн 5 сэжигтэй суурь байгаа бөгөөд шинжилгээний хариу гарч ирэхээр малыг устгалд оруулна гэлээ. Хонины цэцэг өвчин гарсан голомтод газрын 51 малчин өрхийн 6200 малд урьдчилсан сэргийлэх тарилга хийгээд байгаа ажээ.
Тус аймгийн 15 суманд тандалт шинжилгээ хийхээр болоод байгаа юм. Аймгийн хэмжээнд 5 пост, 4 хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар Ханхонгор сумын нутаг дэвсгэрээс мал, амьтан болон малын гаралтай түүхий эд төв суурин газарт оруулж ирэхийг хориглосон байна. Бусад сумдын нутагт мал амьтаны хөдөлгөөнийг хорьж, малын түүхий эд болон мах суурин газарт оруулж ирэх бол малын гарал үүслийн гэрчилгээнтэй байхыг анхаарууллаа.
Д.Мишигсүрэн