СҮХБААТАР: Дарьгангын нутгийн захиргааны дүрэм эх хувиараа хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-10 16:30:03

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн Угсаатны зүйн музейд Дарьгангын нутгийн захиргааны дүрэм эх хувиараа хадгалагдаж байна. Тухайн дүрэм нь хоёр бүлэгтэй, бүлэг тус бүр 54 зүйлээс бүрдсэн 37 хуудас бүхий монгол бичгээр бичигдсэн дүрэм юм.

 

1922-1925 ондМонгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, “Их шавийн захиргааны дүрэм”, “Ховдын харьяат газрын захиргааны дүрэм”, “Дарьгангийн нутгийн захиргааны дүрэм”, “Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм”-ийг баталсан байна. Эдгээр дүрмийг үндэслэн Монгол оронд ардчилсан засаг захиргааны байгууллага байгуулах ажил 1923,1924 онд амжилттай явагджээ. Үүний үр дүнд орон нутгийн засаг захиргааны хуваарьт үндэслэсэн арван гэр, баг, сум, хошуу, аймгаас хурал ба тэдгээрийн гүйцэтгэх байгууллагын нэгдмэл систем тогтсон байна.


Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд нь үйл ажиллагааныхаа ерөнхий зарчим, бүтэц, арга хэлбэрийн хувьд өөр хоорондоо ялгаатай байжээ. 1922 оны 3 дугаар сарын 23-ны өдөр батлагдсанНутгийн захиргааны дүрэмнь арван гэрээс дээш баг, сум, хошуу, аймаг, Засгийн газар хүртэл бүх шатны засаг, захиргааны байгууллагын бүтэц, чиг үүргийг маш тодорхой заасан байна. 150 өрх бүрийг нэг сум, сумын доторх 50 өрх бүрийг нэг баг болгон тогтоожээ. Хэрэв үлдсэн өрх сум ба багийн тоонд үл хүрэх нь буй аваас 2 хувьд хүрэхийг нь нэг сум буюу баг болгон, үл хүрэхийг нь бусад сум багт хавсаргана гэжээ.


Нутгийн захиргааны дүрэм”-д боловсон хүчнийг оновчтой сонгох, томилолтыг зохицуулсан байхаас гадна төрийн албан тушаалтанд тавигдах ёс зүйн хэмжээ, чадвар чадавхыг зааж, хариуцлага тооцох механизмыг тогтоож өгсөн байна. Үүнд: албан тушаалтан, төлөөлөгчид эрх биш ард олны зовлон зүдүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвал бичиг үсэгт боловсронгуй өөр өөрийн оролдсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино гэжээ. МөнНоёд, баяд ба ураг төрлийг нүүрчлэх ба эзэрхэг харгис сүрээс айх, эд, ашигт шунах зэргээр зусарч, бялдууч, ховдог, авлигач, хааш, яайш хүнийг сонгох зэрэг гэм өдүүлбэл сонгосон, сонгогдсон хоёр этгээдийг цөм улсын цаазыг зоримгоор зөрчсөн хууль ёсоор хүндэд яллан уул тушаалын орыг өөр хүнээр сонгуулнахэмээжээ.



 

相关新闻