Испанид далайн эрэг, цэнгэлдэх хүрээлэнд тамхи татахыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-09-10 17:40:04

МАДРИД, 2025 оны есдүгээр сарын 10 /Reuters/. Испанийн зүүний үзэлт засгийн газар далайн эрэг, зоогийн газар, шөнийн цэнгээний газрын сэрүүн тавцан, автобусны буудал, цэнгэлдэх хүрээлэн зэрэг гадаа талбайд тамхи татахыг хориглох тухай хуулийн төслийг мягмар гарагт өргөн барьжээ


Энэхүү хоригт залуучуудын түгээмэл хэрэглэдэг электрон тамхи мөн хамаарна. Бид нийгмийн эрүүл мэндийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавих болно. Хүн бүр цэвэр агаараар амьсгалж, урт удаан, сайхан амьдрах эрхтэй” гэж Эрүүл мэндийн сайд Моника Гарсиа сэтгүүлчдэд хэлжээ. 


Испанид жилийн турш ашигладаг террасыг тамхичид ихээр ашигладаг тул зочлох үйлчилгээний салбарынхан хуулийн төслийг шүүмжилсэн байна. Тус улсад 2011 оноос хойш битүү орчинд тамхи татахыг хоригложээ.


Францад долоодугаар сараас ижил төстэй хууль хэрэгжиж эхэлсний дараа уг хуулийн төслийг боловсруулжээ. Испанийн хойд хөршийн хувьд кафены террас болон электрон тамхийг хоригоос чөлөөлсөн байна. Испанид жил бүр 50 мянга гаруй хүн тамхитай холбоотой шалтгаанаар /өдөрт 137 хүн/ нас бардаг болохыг Эрүүл мэндийн яамны статистик мэдээлэл харуулжээ.


Одоо парламентаар батлуулах шаардлагатай, нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой шинэ хуулийн төслийг Европын орнууд тамхи болон тамхитай төстэй бүтээгдэхүүнүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авч байгаа үед боловсруулжээ. Гэсэн хэдий ч тус тивийн насанд хүрэгчдийн дөрөвний нэг орчим нь тамхи татдаг тул дэлхийн хамгийн өндөр тамхидалттай тив хэвээр байна.

 


相关新闻