ЗАВХАН: Тэс үүлдрийн 100-гаад мянган цөм сүрэг бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймагт
сартуул үүлдрийн хонь, Тэс омгийн адуу, Завхан буурал үүлдрийн ямаа, монгол
үхэр, сарлаг үхрийг цөм сүрэг хэлбэрээр өсгөн үржүүлж байна.
Үүний нэг нь Тэс омгийн адуу юм. Монголын эх оронч голын нэг хэмээн нэрлэдэг Тэсийн голын ай сав нутагт Завхан аймгийн малчид Тэс угшлын адуун сүргээ олон зуун жилээр өсгөн үржүүлж ирсэн.
Монгол орны баруун хойд хэсэг Тэсийн голын сав газраар буюу
Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Завхан аймгийн Баянтэс суманд Тэс
үүлдрийн адууны цөм сүргийг үржүүлж байна. Увс, Хөвсгөл, Ховд аймгийн хил
залгаа сумдад сайжруулагчаар ашиглаж байна. Тэс адуу нь уналга-мах, эдэлгээ-хурдны
хэвшилтэй. Энэ адууны онцлог нь Тэсийн голын сав газрын байгаль орчны нөхцөлд дасан
зохицсон адуу. Өвөл цас их унадаг, -50 хэм хүртэл хүйтэрдэг, зун нь халуун,
элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт сайн зохицсон бие томтой, том далбагар
туурайтай. Үндсэн зүс нь улаан хээр, хээр, бор, хул, зээрд юм.
Ташрамд, Тэс омгийн адууг 2019 оны 11 дүгээр сард ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар шинэ үүлдрээр баталж энэхүү адуу нь олон улсын генийн санд орсон байна. Өөрөөр хэлбэл, Тэс адуу шинэ үүлдрээр НҮБ-ын ХХАА-н байгууллага ФАО–д бүртгэгдэж түүний хамгаалалт хяналтад байхаар болжээ. Үүлдрийн зохион бүтээгчээр Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн, ХАА-н ухааны доктор Л.Чой-Иш, Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц нарыг баталжээ.
Мөн энэхүү үүлдрийн адууг бий болгоход олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан гурван аймгийн малчид, мэргэжилтэн, удирдах ажилтан 31 хүнийг Тэс адууны үүлдрийн идэвхтэй дэмжигчээр баталсан байна. Тэсийн голын 568 км урт сав газар дагуу, гурван аймгийн байгаль, экологи онцлогоор нь гурван удам, зургаан бүл бүхий 100-гаад мянган цөм сүргийн адуу ийнхүү дэлхийд данстай “Тэс” үүлдрээр баталсан.