Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт оруулах саналыг аймаг бүрээс авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны Жендерийн Үндэсний хорооны ажлын алба Ховд аймагт баруун бүсийн аймгуудын дунд бүсчилсэн хэлэлцүүлэг явууллаа.
Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн төслийн хүрээнд Ховд аймагт Баянөлгий, Говь алтай, Завхан, Увс аймгуудын ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар жендерийн тэгш байдлыг хангах салбар хороодын гишүүд оролцлоо.
Дээрх аймгууд орон нутагт Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц,тулгамдаж буй асуудлаар илтгэл хэлэлцүүлж, ажлын туршлагаа солилцлоо.
Ховд аймагт гар аргаар алт олборлож буй газар эх хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нь тулгамдсан асуудал байгаа бол Завхан, Баян-Өлгий аймагт хөдөөгийн малчин эмэгтэйчүүд хүүхдээ харахаар сумын төвд ирж мал аж ахуйд зөвхөн эрэгтэйчүүд үлдэж өрх гэрийн бүх асуудлаа авч явж байгаа нь тулгамдсан асуудал болж жендэр нь зөвхөн эмэгтэйчүүд бус эрэгтэйчүүдийн өмнө олон асуудал тулгамдаж байгааг илтгэгчид онцолж байлаа.
Уг хэлэлцүүлэг шинээр томилогдсон аймгуудын дарга нар жендерийн асуудлаар нэгдсэн нэг ойлголттой болж, 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт оруулах саналыг аймаг тус бүрээс авч, төлөвлөгөөнд тусгаж ажиллана гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Жендерийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр хэлэцүүлэгт оролцогчдод мэдэгдэв.
Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр 2016-2020 төслийн зорилго нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш хүний хөгжлийн тэгш байдлыг хангаж ажиллах, цаашдаа үндэсний тогтолцооны чадавхийг бэхжүүлж, орон нутаг байгууллагын түвшинд хангах, бүх нийтийн боловсролын тогтолцоо, хэвлэл мэдээллийн бодлого үйл ажиллагааг жендерийн мэдрэмжтэй болгох зорилт дэвшүүлж байна.
А.Бямбасүрэн