ДАРХАН-УУЛ: Улаан-Үд, Дархан хотын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-09-23 00:14:41

Дархан, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд, Дархан хотын бизнес эрхлэгчдийн уулзалтыг өнөөдөр аймгийн ЗДТГ, ХАҮТ хамтран зохион байгууллаа.


Тус хотууд ах дүү, найрамдалт харилцаатай бөгөөд 2027 онд түүхт 60 жилийн ой тохионо. Ойг угтсан ажлын хүрээнд уг уулзалтыг зохион байгуулжээ.


Нийгэм, соёл, эдийн засгийн өдрүүдийг харилцан зохион байгуулж хамтын ажиллагаагаа өргөжүүлж байсан. Энэ удаад бизнесийн салбарынхны хамтын ажиллагааг өргөжүүлэхээр бизнес уулзалтын үеэр Дархан-Уул аймаг болон Улаан-Үд хотын Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.




Энэ удаагийн бизнес уулзалтад Буриад улсын хүүхдийн тоглоомын талбайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ариун цэврийн цаасны үйлдвэрийн удирдлага, нарийн боовны бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн төлөөлөл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын төслийн баг хүрэлцэн ирж, Дархан хотын жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрийн төлөөлөлтэй уулзаж мэдээлэл солилцов.


Зөвхөн төрийн байгууллагууд хамтын уялдаа холбоотой ажиллах бус эдийн засгийн хөшүүрэг болсон бизнес эрхлэгчдийн уялдааг өргөжүүлж бэхжүүлэх  нь чухал гэдгийг талууд онцолж байна.




Тиймээс төрийн байгууллагын санал санаачилгын дагуу хувийн хэвшлийн орон зайг тэлэх, гадаад харилцааг өргөжүүлэх үүднээс хоёр талын аж ахуйн нэгж байгууллагуудыг байнгын хамтын ажиллагаатай болгох, харилцан туршлага судлах, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад энэхүү уулзалтын зорилго оршиж байгаа юм.


Уг уулзалтад Улаан-Үд хотын Захирагч Игорь Юрьевич Шутенков, Улаан-Үд хотын ИТХ-ын дарга Чимит Валерьевич Бальжинимаев, Монгол улстай харилцах асуудал эрхэлсэн Бүгд Найрамдах Буриадын Улсын сайд Дава-Жалсан Шагжиевич Чирипов нар болон бизнесийн байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцлоо.



Ташрамд, Дархан, Улаан-Үд хот нь 1967 оны дөрөвдүгээр сард ах, дүү хотын найрамдалт харилцааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй. Энэ нь Дархан хотыг дэлхийн олон орны хотуудтай ах дүү хотын харилцаатай болгох, гадаад харилцаагаа илүү өргөжүүлэх, хөгжүүлэх үндэс суурь нь болсон гэж үздэг.

相关新闻