Зүүн Тимор АСЕАН-ы 11 дэх гишүүн болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-24 12:07:18

ДИЛИ, 2025 оны есдүгээр сарын 24 /AFP/. Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улс ирэх 10 дугаар сард Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ 11 дэх гишүүн болно гэж Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим мягмар гарагт Зүүн Тиморт айлчлах үеэрээ мэдэгджээ.


Энэхүү шийдвэрийг Куала-Лумпур хотноо болох АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр албан ёсоор баталгаажуулна гэж А.Ибрахим хэлсэн байна. Малайз улс энэ онд АСЕАН-ыг даргалж байгаа юм. 2002 онд Индонезээс тусгаар тогтносон Зүүн Тимор нь бүс нутгийн хамгийн залуу улс билээ.


Зүүн Тимор АСЕАН-д элсэх нь бид бүгдэд асар их ашиг тустай байх болно. Бид 2025 оны 10 дугаар сард та бүхнийг АСЕАН-д элсэж буйг баяртайгаар тэмдэглэх нь гарцаагүй гэж А.Ибрахим Зүүн Тиморын Ерөнхийлөгч Рамуш-Ортатай тус улсын нийслэл Дили хотод уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


А.Ибрахимын мэдэгдсэнээр, хоёр орны удирдагчид худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, боловсрол, батлан ​​хамгаалах зэрэг салбарын талаар мөн хэлэлцсэн байна. Тэрбээр мөн айлчлалынхаа хүрээнд Зүүн Тиморын Ерөнхий сайд Шанана Гужмантай уулзахаар төлөвлөжээ.


Ерөнхийлөгч Жозе Рамуш-Орта АСЕАН-д гишүүнээр элсэхийг дэмжиж ирсэн бөгөөд тус улс анх 2011 онд элсэх хүсэлт гаргаж байжээ. “Бид 10 дугаар сард Куала-Лумпурт болох АСЕАН-д нэгдэх түүхэн уулзалтад бэлтгэж буй энэ үед хийсэн бидний хэлэлцээ ирээдүйн талаар халуун дулаан, бүтээлч уур амьсгалд явагдлаа. Бид бүрэн эрхт гишүүн болоход шаардлагатай үлдсэн чухал үе шатуудыг хэрэгжүүлэхийн төлөө Малайз болон АСЕАН-ы бүх гишүүн оронтой нягт хамтран ажиллахаа амласан” гэж Жрта хэлсэн байна.


Зүүн Тимор нь тэгш бус байдал, хоол тэжээлийн дутагдал, ажилгүйдэл зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тус улсын эдийн засаг нь газрын тосны нөөцөөс ихээхэн хамааралтай хэвээр байгаа юм.


Энэ сарын эхээр оюутнуудын тэргүүлсэн олон мянган жагсагч тус улсын парламентын 65 гишүүн тус бүрд Toyota Prado жийп машин худалдаж авах, парламентын гишүүн асан хүмүүст насан туршийн тэтгэмж олгохыг эсэргүүцэн жагсжээ. Улмаар жагсагчид болон цагдаа нарын хооронд хоёр өдөр дараалан мөргөлдөөн дэгдсэн байна. Эсэргүүцлийн дараа тус улсын парламент авто машин худалдан авах ба тэтгэмжийн асуудлаарх шийдвэрүүдийг цуцалжээ.


АСЕАН 1967 онд таван гишүүн орны бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд аажмаар өргөжсөөр хамгийн сүүлд 1999 онд Камбож гишүүнээр элссэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Куала-Лумпурт болох АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад оролцохоо мэдэгдээд байна.

 


相关新闻