ГОВЬ-АЛТАЙ: Импортыг орлох шохойн үйлдвэрлэлээ Тайширт эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-11 07:47:18

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. “Макс групп”-ийн хөрөнгө оруулалттай “Цэн газар” ХХК нь Монгол Улсын дотоодын шохойн хэрэгцээний 25 хувийг дангаар хангах хүчин чадал бүхий “Тайшир шохойн үйлдвэрлэл”-ээ Говь-Алтай аймагт албан ёсоор нээлээ. 


Хоногт 400 тонн, жилд 120 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр нь MNS 0347:2002 стандартын дагуу кальцийн I, II зэргийн шохойг үйлдвэрлэж, барилгын болон технологийн хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх юм.


Тус үйлдвэрлэл нь орчин үеийн урьдчилсан халаах цамхаг бүхий эргэх зуух, битүү цикл технологийг ашигладаг тул байгаль орчинд хаягдалгүй үйлдвэрлэл явуулах боломжтой. Мөн агаарт хаягдах тоосонцрыг 99 хүртэл хувиар бууруулах уутат шүүлтүүрээр тоноглогдсон нь байгальд ээлтэй дэвшилтэт шийдэлтэй.


Үйлдвэрлэл ашиглалтад орсноор орон нутагт 150–200 тогтвортой ажлын байр шинээр бий болж, эцсийн бүтээгдэхүүн нь уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч болон барилгын салбарын гол түүхий эдийн нэгээр хангагдах юм. Энэ нь гадаад валютын урсгалыг бууруулж, үндэсний үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх стратегийн өндөр ач холбогдолтой.


Мөн “Тайшир шохойн үйлдвэрлэл”-ийн нээлтийн үеэр “Евро блок үйлдвэр”-ийн шав тавьснаар баруун бүс нутагт барилгын материалын цогцолбор бий болох эхлэл ийнхүү тавигдлаа. 


“Макс групп” нь баруун бүс нутгийн хөгжил, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд олон улсын жишигт нийцсэн үйлдвэр, мега төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд бодит хувь нэмэр оруулан ажилласаар байгааг мөн үеэр тэмдэглэн хэлж байлаа. 


相关新闻