Селена Гомез хуримаа хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-29 10:27:47

САНТА-БАРБАРА, 2025 оны есдүгээр сарын 29 /BBC/. Америкийн поп од, жүжигчин Селена Гомез хөгжмийн продюсер Бенни Бланкотой Калифорни муж улсад хуримлажээ.


С.Гомез Instagram хуудсандаа өөрөө цагаан өнгийн задгай мөртэй даашинз, Б.Бланко хар өнгийн хослол өмссөн зургуудыг цагаан зүрхэн эможинуудын дунд “9.27.25 гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна.


Санта-Барбара хотод өнгөрсөн бямба гарагт болсон хуримын ёслолд дуучин, ая зохиогч Тейлор Свифт, жүжигчин Пол Радд, С.Гомезын тоглосон “Only Murders in the Building цувралд дүр бүтээсэн Стив Мартин, Мартин Шорт зэрэг 170 орчим зочин хүрэлцэн ирсэн талаар “Vogue загварын сэтгүүлд бичжээ.


С.Бланко сүйт бүсгүйнхээ нийтэлсэн зургуудын доор “Бодит амьдрал дээрх эхнэр минь” хэмээн бичсэн байна. Өдгөө 33 настай С.Гомез, 37 настай Б.Бланко нар нэг жилийн турш болзсоны эцэст 2024 оны 12 дугаар сард сүй тавьсан юм. Тэд өмнө нь хэд хэдэн хөгжмийн төсөл дээр хамтран ажиллаж байлаа.


Хос хоёр хайрынхаа түүхийг өгүүлсэн I Said I Love You First” нэртэй цомгоо энэ оны гуравдугаар сард гаргасан юм. Тэд өмнө нь 2015 онд Same Old Love”, “Kill Em with Kindness хэмээх хит дуунууд, 2019 онд Tainy, J Balvin нартай хамтран “I Can't Get Enough дуугаа гаргаж байжээ.


С.Гомез 2000-аад онд хөгжмийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө Disney сувгийн Wizards of Waverly Place цувралд тоглож байсан юм. Тэрбээр саяхан Emilia Perez кинонд Жессика Дел Монтегийн дүрийг бүтээсэн билээ. Харин Б.Бланкогийн хувьд 2018 онд Friends Keep Secrets нэртэй цорын ганц бие даасан студийн цомгоо гаргаж байсан бөгөөд Кэти Перри, Бритни Спирс, Кеша зэрэг алдартай уран бүтээлчдэд дуу туурвиж өгдөг.

相关新闻