“Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдан авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 6 /NHK/. Америкийн стриминг үйлчилгээний салбарт тэргүүлэгч “Netflix” компани “Warner Bros. Discovery”-гийн зарим нэгж салбарыг 72 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохиролцжээ.
“Netflix” баасан гарагт мэдэгдэхдээ, “Warner Bros. Discovery”-гийн
кино, телевизийн студи, мөн стриминг хариуцсан хэлтсийг худалдаж авна гэлээ.
Тус компанийн зүгээс “эцсийн”
хэмээн тодорхойлсон уг хэлэлцээр нь энтертайнментын салбарыг улам бэхжүүлнэ гэж
мэдэгджээ.
“Warner Bros. Discovery” бол Холливүүдийн томоохон студиудын
нэг бөгөөд Харри Поттер цувралаараа алдартай юм. “Netflix”-ийн мэдээлснээр,
энэхүү хэлэлцээр нь хэрэглэгчдэд илүү олон тооны чанартай бүтээлүүдийг сонгон үзэх боломжийг
олгоно. Мөн хэрэглэгчдийн сонгосон төлбөрийн багцыг илүү оновчтой болгох, үзэх контентуудын
сонголтыг сайжруулах, контентын хандалтыг өргөжүүлэх ажээ.
“Warner Bros. Discovery” нь бизнесийн үйл ажиллагаандаа бүтцийн өөрчлөлт хийж байгаа бөгөөд үүнд олон нийтэд нээлттэй арилжаалагддаг хоёр
компанид хуваахаар төлөвлөж байна. Тэдгээрийн нэг нь студи болон
стриминг үйлчилгээ, нөгөө нь CNN зэрэг телевизийн сувгууд юм. Энэхүү
бизнесийг сонирхох нь улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд худалдан
авагчдын тоо нэмэгдсээр байна.
“Netflix”-ийн дээрх хэлэлцээрийг одоо холбогдох
зохицуулах байгууллагууд баталгаажуулах ёстой. Энэхүү үйл явц жил хагасын турш үргэлжлэх төлөвтэй байна.
Ulaanbaatar