Угсаатны зүйн музейг зорих иргэдийн тоо өссөөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей нь найман үзмэрийн танхимтай, 2000 гаруй үзмэртэй. Энэ онд бугын толгойн болоод мануулын чихмэлийг байгалийн танхимдаа, нутгийн дархан Б. Амарбаатарын мөнгөн урлалын бүтээлүүдийг шинээр нэмжээ. Музейг ирж үзэх үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг хэлж байна.
Амралтын өдөр болон баяр ёслолын үеэр гэр бүл хамт олноороо ирж музей үздэг болсоноос гадна сургууль цэцэрлэгүүдийн багш нар хүүхдүүдээ ангиар нь авчирч музейтэй танилцуулдаг болжээ. Мөн Сүхбаатар аймгаар дамжин өнгөрч буй жуулчид музейг зорин ирэх тохиолдол элбэг болсон гэдгийг аймгийн Угсаатны зүйн музейн Эрдэм шинжилгээний ажилтан О. Гандиймаа хэлж байна.
Угсаатны зүйн музейн хамт олон энэ онд шинээр "Мини шоп" буланг байгуулжээ. Үүнд өөрсдийн хийсэн гар урлалын бүтээлүүд байхаас гадна, тус музейд байгаа үзмэрүүдийг фото зураг болгон жаазалж,бэлэг дурсгалын чиглэлээр худалдаалдаг болжээ. Энэ нь иргэдэд маш ихээр таалагдаж байгаа гэдгийг мөн музейн ажилчин ярьж байна. Энэхүү Мини шоп-ыг санаачилсанаараа өнгөрсөн 8 сард Хэнтий аймагт зохион байгуулагдсан Музей ба хөгжил чуулганд Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн хамт амжилттай оролцож, тэргүүн байр эзэлжээ.
Музейн үнэ тарифын хувьд том хүн 3000, ЕБС-ийн сурагчид 1000, цэцэрлэгийн хүүхэд 500 төгрөгөөр үзэх боломжтой.
Т. Одончимэг