MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

ЗАВХАН: Хавдрын эрт илрүүлэг оношилгоог 9500 гаруй хүнд хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-08 15:40:40

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймагт "Хавдаргүй монгол эмэгтэй" нийгмийн зорилтот төслийн хүрээнд 9500 гаруй хүнд хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг оношилгоог хийжээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан хэрэгжүүлдэг "Хавдаргүй монгол эмэгтэй" нийгмийн зорилтот төсөл зургаа дахь аймаг буюу Завхан аймгийн 24 суманд 8-р сарын 31-ээс 10 дугаар сарын 1-нийг хүртэл амжилттай хэрэгжүүллээ.


Төслийн хугацаанд 9523 хүнд умайн хүзүү, хөхний хорт хавдар, түрүү булчирхайн болон бөөрний хорт хавдрын эрт илрүүлэг оношилгоо хийлээ.

Мөн 536 хүнд умайн хүзүүний  эсийн шинжилгээг хийсэн байна. Завхан аймгийн 24 суманд болсон эрт илрүүлэг, оношилгоогоор умайн хүзүүний хорт хавдрын сэжигтэй 23 тохиолдол, хөхний хорт хавдрын 53 тохиолдол бүртгэгдсэн байна.


Бөөрний хорт хавдрын 4 тохиолдол, түрүү булчирхайн хавдрын 3 тохиолдол, элэгний хортой хавдрын 2 тохиолдол бүртгэгдсэн байна.  Түүнчлэн түрүү булчирхайн хагалгааны заалттай 134 тохиолдол, зүүн төмсөгний венийн судасны өргөсөл 35 тохиолдол бүртгэгдэж хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд үзүүлэх эмчлүүлэх зөвлөгөөг иргэдэд өгсөн байна.


Умайн хүзүү,  хөхний үзлэг оношилгоонд 7102 эмэгтэй орсноос умайн хүзүүний улайлт үрэвсэл, умайн дайвруудын үрэвсэл 918 бүртгэгдсэн байна. Урологи буюу эрэгтэйчүүдийн үзлэг оношилгоонд нийт 2421 хүн хамрагдсанаас түрүү булчирхайн хагалгааны заалттай 134 хүн, 627 хүүхэд бүртгэгдсэн байна. 

Тиймээс цаашид насанд хүрсэн эмэгтэйчүүд,  эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн анхан шатны мэдлэг ойлголтыг нэмэх, бүх насныхныг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд тогтмол хамрагддаг байхыг эмч нар зөвлөлөө хэмээн МЭХ-ны Завхан салбараас мэдээлэв. 



相关新闻