“Хасын хүлэгүүд” Японы “Тоёота” корпорацын ивээн тэтгэдэг “Алварк” багийг хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-09 10:29:03

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Зүүн Азийн супер лигийн 2025-2026 оны шинэ улирлын тоглолтууд албан ёсоор  өчигдөр эхэллээ.


Энэ улиралд долоон орны 12 баг өрсөлдөж байгаагийн нэг нь Монголын лигийн есөн удаагийн аварга “Хасын хүлэгүүд” юм. Супер лигт Япон болон Тайванийн тус бүр гурав, Солонгосын хоёр, Филиппин, Монгол, Хонконг, Макаогийн тус бүр нэг баг зургаан сарын турш өрсөлдөнө.


Лигийн нээлтийн хүрээнд “Хасын хүлэгүүд” багийнхан Японы “В” лигийн дэд аварга алдарт “Тоёота” корпорацын ивээн тэтгэдэг “Алварк”-ийн талбайд зочилж 84:69-өөр буулган авлаа. Уг тоглолтод Миллер, Одиги нар 20-иос дээш оноо авсан бол А.Азбаяр 17 оноогоор багийнхаа ялалтад тусалжээ. Токио хотын “Кейо Арена”-д болсон энэхүү тоглолтыг мэргэжлийн сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй сумочид үзэж, Монголын багаа дэмжсэн байна.


“Хасын хүлэгүүд” багийнхан маргааш эх орондоо ирнэ. Тэд Зүүн Азийн супер лигийн хүрээнд ирэх сарын 1-нд Тайванийн “Нью Тайпэй Кингс”-ийг, 5-нд Солонгосын лигийн аварга “Эл Жи Сэйкерс” багийг эх орондоо хүлээн авч тоглох хуваарьтай байгаа юм.














相关新闻