Өсвөрийн шатарчдын ДАШТ-д Монголын зургаан тамирчин оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-07 10:18:02

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Албанийн Дуррес хотод 14, 16, 18 насны өсвөрийн шатарчдын 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.


83 орны 717 шатарчин гурван насны ангилалд өрсөлдөх тус тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцож байна. Тодруулбал, 14 насанд Арена фиде мастер Б.Цолмон, кандитат мастер Н.Содгэрэлт, 16 насанд Э.Одмаа, ФИДЕ мастер Б.Тэнүүнболд, 18 насны ангилалд олон улсын мастер Э.Энхрий, ФИДЕ мастер Х.Өлзийхишиг нар өрсөлдөж байгаа юм. Олон улсын шатрын холбооноос өсвөрийн ДАШТ-ийг 2015 оноос эхлэн тусад нь зохион байгуулах болжээ. Тус тэмцээн швейцар системээр 11 өрөг үргэлжилж, энэ сарын 15-нд медальтнууд тодорно.


Ташрамд сонирхуулахад, манай шатарчид өсвөрийн ахлах насанд таван медаль хүртжээ. Тодруулбал, их мастер Б.Мөнгөнтуул 2001 онд хүрэл, 2005 онд мөнгө, А.Энхтуул 2011 онд хүрэл, 2017 онд Д.Батсүрэн алт, 2022 онд олон улсын мастер Д.Мөнхзул алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. 

相关新闻