MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ДАРХАН-УУЛ: Отрын бүсэд 651.892 толгой мал өвөлжиж, хаваржуулах дүгнэлт гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-14 17:48:32

Дархан, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Жил бүр өвс, ургамлын гарц, хадлан тэжээлийн нөөцөөс шалтгаалан малчид отор хийж малаа өөр аймгийн нутагт өвөлжүүлэх тохиолдол бий. Отрын есөн бүсэд 2025 оны бэлчээрийн даацын мэдээллээр 665.809  толгой мал өвөлжих боломжтой судалгааг ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас гаргажээ.


Тухайн есөн бүсэд 13 аймгийн 46 сумын 838 малчин өрхийн 991661.5 толгой мал өвөлжихөөр хүсэлтээ Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд ирүүлсэн байна.

Улсын тусгай хэрэгцээний Аймаг дундын отрын бүс нутгийн “Орон тооны бус зөвлөл”-ийн хурлыг есдүгээр сарын 25-ны өдрөөс аравдугаар сарын нэгний хооронд зохион байгуулжээ.



Дээрх хүсэлтийг үндэслэн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дэргэдэх Орон тооны бус зөвлөл хурал болж 2025-2026 онд отрын бүсэд өвөлжиж, хаваржих малын тоо, толгойг тогтоож  нийт 12 аймгийн 35 сумын 414 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 651.892  толгой  мал өвөлжиж, хаваржуулах дүгнэлт гаргасан байна.



Отрын бүсэд өвөлжиж, хаваржих малыг тухайн оны 11 дүгээр сарын нэгнээс  дараа оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл 150 хоног отор хийлгэдэг журамтай.


Өмнө нь отрын бүсэд өвөлжих малын хүсэлтийг бичгээр авч байсныг энэ оноос эхлэн цахимаар авч эхэлжээ. Ингэснээр малчин иргэдийн цагийг хэмнэх, хэлэлцэх асуудлын хуралдаанаар оруулахад хялбар болсон гэж Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын газрын мэргэжилтэн Б.Алтансарнай мэдэгдлээ. Мал оторлуулах хугацаанд тухайн бүс нутгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж ажилладаг гэв.


Ташрамд Дархан-Уул аймгийн малчин, мал бүхий иргэдээс энэ онд отроор өвөлжиж, хаваржих хүсэлт ирүүлээгүй гэв.

 

 

 

相关新闻