УВС: Намрын мод тарих өдрүүдээр 5000 мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-16 12:31:30

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Намрын мод тарих өдрүүдэд 27 байгууллагын 350 гаруй албан хаагч оролцжээ.

 

Өнгөрсөн амралтын өдрөөр энэ намрын хоёрдугаар ээлжийн мод тарих ажлыг аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулсан юм. Энэ үеэр 27 байгууллагын 350 гаруй албан хаагчаас гадна Улаангом сумын Цогцолбор нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн 9 бүлгийн 180 гаруй сурагч мөн оролцож, нийтдээ 3000 мод тарьж, усалгаа хийсэн байна.

 

“Бүх нийтээр мод тарих намрын өдөр энэ сарын 4-нд тохиосон. Энэ үеэр Улаангом сумын Цөлжилтөөс хамгаалах ойн зурваст 2000 гаруй мод тарьсан. Тэгвэл хоёрдугаар ээлжийн мод тарих ажлыг энэ сарын 11-нд зохион байгуулж 3000 мод тарилаа. Ингэснээр энэ намрын нэг, хоёрдугаар ээлжийн мод тарих өдрүүдээр нийтдээ 5000 гаруй мод тариад байна” хэмээн аймгийн БОГ-ын ойн мэргэжилтэн Б.Баярмаа хэллээ.

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Увс аймаг 20 сая мод тарихаас одоогоор 505 мянга гаруй мод тариад байна.

 

  

 

 

 

 

 

 

相关新闻