ГОВЬ-АЛТАЙ: Тонхил сум байгалийн нөөц ашигласны төлбөрийн хууль, дүрмийг 91.65 хувьтай хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-22 14:10:42

Алтай, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Тонхил сум Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хууль, дүрэм журмын хэрэгжилтийг ханган энэ оны гуравдугаар улирлын байдлаар 91.65 хувьтай хэрэгжүүлсэн байна. 


Говь-Алтай аймгийн Байгаль орчны газраас сумдад ажиллаж, холбогдох хуулийн хэрэгжилт хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж байна. Тэд Тонхил сумын Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт, буцаан зарцуулалтын явц, дүрэм журмын талаар шинээр сонгогдсон Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгч, санхүү  төрийн сангийн ажилтан, газрын даамал, татварын байцаагчдыг хамруулан мэдээлэл хийж 2025 оны гүйцэтгэл явцад шинжилгээ хийлээ. 


Тонхил сум Хууль дүрэм журмын дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага ИТХ-ын 2025 оны 15 дугаар тогтоолын 15 дугаар хавсралтаар ИТХ -ын тогтоол гарган үр дүнтэй ажиллажээ. Тухайлбал, Амьтны нөөц ашиглуулсны 2023 оны орлого тодотгох шаардлагтай болон 2025 оны орлогоос 29,669,500 төгрөг буцаан зарцуулахаас 24,728,000 төгрөгийг зарцуулсан нь 41.65 хувийг буцаан зарцуулж хуулийн хэрэгжилт 83.3 хувьтай хэрэгжүүлсэн байна. Мөн газрын төлбөрийн орлого 15,000,000 төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс энэ оны гуравдугаар улирлын байдлаар гүйцэтгэл 9,541,700 төгрөг төвлөрч 63.61 хувьтай байна. Үүнээс төлөвлөгөөний дагуу 15 хувь 2,250,000 буцаан зарцуулж хуулийн хэрэгжилтийг 100 хангаж байна.


Тонхил сумын тухайд энэхүү мэдээлэл хүргэхэд холбогдох албан тушаалтнуудыг бүрэн хамруулж идэвх санаачилгатай оролцож сумын БНАТ-ын орлого төвлөрүүлэлт, буцаан зарцуулалтаа тайлагнан танилцуулж оролцсон нь бусад сумаас онцлог байгаа тухай Байгаль орчны газраас мэдээллээ.

相关新闻