Баянхошуу дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 6463 айлын орон сууц барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын мега төслүүдийн нэг Баянхошуу дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд 30 мянган амьдрах 6463 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байгаа аж. Тус дэд төвд өнөөдрийн байдлаар 20 айлын үйлчилгээтэй орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, бизнес инкубатор төв, 50 айлын орон сууц, 35/10кВ дэд станц зэргийг ашиглалтад оруулаад байна. Үерийн хамгаалалтын далан, тохижилт дууссан бол 2.4 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явц 91 хувьтай байгааг албаныхан хэллээ. Үүнээс гадна 650 суудалтай спорт цогцолборын ажил 85, гал унтраах аврах ангийн барилга угсралт 59, 240 ортой хүүхдийн цэцэрлэг 42 хувьтай байна.
Орон сууцжуулах
төслийн хувьд Баянхошуу дэд төвийн эхний үе шатанд нийт 462 айлын 13 блок орон
сууц барихаар ажиллаж байна. Тус ажлын хүрээнд өнгөрсөн есдүгээр сард Баянхошуу
дэд төвийн B15 талбарт барьсан 110 айлын 4 блок орон сууцыг улсын комисст
хүлээлгэн өгчээ. Уг төсөл нь орлогод нийцсэн ногоон шийдэл бүхий орон сууцуудыг
төлөвлөснөөрөө онцлогтой бөгөөд цахилгаан болон усны хэрэглээг хэмнэх ухаалаг
системээр тоноглосон юм. Үүний үр дүнд эдгээр орон сууцанд амьдрах иргэдийн
эрчим хүч, усны хэрэглээ энгийн орон сууцтай харьцуулахад 20-30 хувиар хэмнэх
боломжтой юм.
Ulaanbaatar