Онцгойгийнхон гал түймэр унтраах 42 метр урттай автомеханик шатны автомашинтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-31 10:27:42

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид  гал түймэр унтраах 42 метр урттай автомеханик шатны хүлээлгэн өгчээ.


Монгол болон Францын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн эхний шатанд гал түймэр унтраах 42 метр урттай автомеханик шатны хоёр, 32 метр урттай автомеханик шатны хоёр машинаар хүч сэлбэсэн билээ.


II шатны төслийн хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын 42 метр урттай автомеханик шатны автомашин тав, 32 метр урттай автомеханик шатны автомашин 10, хөөсөөр гал түймэр унтраах автомашин гурвыг нийлүүлэх юм. Ингэснээр гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт 62.8 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. Төслийн хүрээнд  нийлүүлсэн автомашинуудыг ОБЕГ-ын захиалгаар цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлогтой. Онцгой байдлын байгууллагад 42 метр урттай гал түймэр унтраах автомеханик шатны автомашиныг анх удаа нийлүүлж байгаа нь энэ. 


Ташрамд дурдахад, Онцгой байдлын байгууллагын гал түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төслийн I үе шатыг 2019-2022 онд хэрэгжүүлсэн бөгөөд энэ хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын дөрвөн төрлийн 42 автомашин нийлүүлсэн юм.





相关新闻