СЭЛЭНГЭ: Сүхбаатар хот газар зүйн өвөрмөц байрлалтайгаараа онцлогтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-03 13:21:05

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум Монголын томоохон урсгал усны ай савуудын бэлчир, их уулс нуруудын төгсгөл уулзваруудын орчинд оршдог өвөрмөц газар зүйн байрлалтайгаараа онцлогтой юм.

 

Энэхүү гайхамшигт тогтоц, байршлын талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан, физикч Р.Нямсүрэн дүрслэн зурагласан байна. Тэрбээр “Үүнийг та бүхний танин мэдэхүйд зориулж, Монголын томоохон газар зүйч, боловсролын ухааны доктор, гавьяат багш Б.Шагдар агсны надад нэг удаа ярьсныг санаж, мөн жуулчдад нутаг усаа танилцуулахад хэрэг болох буй за хэмээн бодож үүнийг тэрлэсэн юм. Бас уламжлалт аргаар дүрслэн зураглахыг оролдлоо. Сайн мэдээ сайхан үйлс дэлгэрэх болтугай” хэмээв.

 

Түүний дүрсэлснээр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумаас шулуун шугамаар 10-20 км зайд Шаамар, Зүүнбүрэн сумын нутагт их зохиолч Д.Нацагдоржийн алдарт “Миний нутаг” шүлэгт дурдсан Хэнтий хангай соёны өндөр сайхан нуруунуудын зүүн, баруун үзүүр, төгсгөлүүд хараа бараандаа уулздаг байна. Мөн их уул, нурууд нь мөн их ус гол, мөрнийхөө хагалбараар зааглагдан оршиж байна.

 

Хан Хэнтийн нурууны баруун хойд үзүүр болох Дулаанхан уул нь Орхон, Ерөө голын бэлчирийн зүүн хойд талд Дулаанхан тосгоны ард оршдог.

 

Хангай нурууны зүүн хойд үзүүр, төгсгөл Бүрэнхан уулын үргэлжлэл болох Бүүрэг толгой нь Орхон голын Шаамарын гүүрний баруун талд байдаг байна.

 

Мөн Хөвсгөлийн их тайга Соёны уулын үргэлжлэл бүтээлийн нуруугаар дамжин ирсэн баруун урд үзүүр болох Суварга уул Сэлэнгэ, Орхоны бэлчирийн ард Зүүнбүрэн сумийн нутагт байрлаж байна.

 

Мөн Сүхбаатар хотын арын аль нэг өндөрлөгөөс Эрдэнэвангийн хошууны Таванхан уулийн барааг харж тахил өргөх боломжтой зэрэг гайхамшигт тогтцуудыг иргэдийн танин мэдэхүйд зориулан судалж хийжээ.   

 

相关新闻