БАЯНХОНГОР: “Иргэдээ сонсож, шийдье” нээлттэй өдөрлөг энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-03 13:52:33
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн болон сумдын бүх төрийн байгууллагууд өнөөдрөөс эхлэн “Иргэдээ сонсож, шийдье” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Аймгийн ЗДТГ, сумдын ЗДТГ, төрийн захиргааны болон үйлчилгээний бүх байгууллага хамтарсан тус өдөрлөг энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Тус үйл ажиллагаа нь аймаг, сумын хэмжээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй болгох, төр-иргэний хамтын оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх зорилготой.

Өдөрлөгөөр байгууллага бүр өөрийн чиг үүрэг, үйл ажиллагаа, ил тод байдалтай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэн ажиллана. Мөн албан хаагч бүр хууль, эрх зүй болон албаны чиг үүрэгтэй холбоотой бусад зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээ үзүүлж, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг газар дээр нь хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах юм.

Түүнээс гадна тухайн өдрүүдэд төрийн байгууллагын цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, сурталчилгаа явуулах төдийгүй “Иргэний үг” цахим индрийг ажиллуулж, иргэдийн саналыг хүлээн авч, авлигын эсрэг соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг өрнүүлж, байгууллагын албан ёсны цахим хуудас, мэдээллийн сувгуудыг иргэдэд танилцуулах юм.
相关新闻