ГОВЬ-АЛТАЙ: Монгол бахархал-Бямбын Ринчен 120 жил

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-07 08:43:08

Есөнбулаг 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/ “Монгол бахархал” үзэсгэлэнг Говь-Алтай аймгийн Жангар нийтийн номын сангийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. 


Монголчуудын эх хэл, түүх, соёл, оюун санааны дархлааг бэхжүүлэх, монгол бахархлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг Засгийн газрын 2025 оны 67 дугаар тогтоолоор 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.


Энэ ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Жангар нийтийн номын сангаас түүний намтар, түүх, зохиол бүтээлийн дээжсийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхээр үзэсгэлэнгийн танхимдаа дэлгэсэн байна. Тухайлбал, Үүрийн туяа, Заан залуудай, Бэр цэцэг, Цогт тайж, Их нүүдэл, Сандоо амбан гэх мэт зохиол бүтээлийг нь дэлгэжээ. 



Бямбын Ринчен (1905.11.21-1977.03.04) Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн байв. Англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн, эсперанто хэлний өөрөө сурах бичиг зохиосон эрдэмтэн. Мөн Монгол Улсын анхны докторын зэрэг хамгаалсан хүн юм.


Билгүүн номч Еншөөбү овогт Бямбын Ринчений "Үүрийн туяа" түүхэн романы тэргүүн дэвтэр анх 1951 онд “Манжийн талхинд”, хоёрдугаар дэвтэр мөн л тус онд “Гал усны гашуун зовлон” нэртэйгээр хэвлэгдсэн бол 1955 онд гуравдугаар дэвтэр “Байлдаж олсон эх орон” нэртэйгээр хэвлэгдсэн байна. 


“Үүрийн туяа гэдэг энэ романыг бичихдээ миний бие, жинхэнэ бодитой түүхийн материалыг уран сайхны аргаар боловсруулахыг оролдсон учир үнэн байдлаас хазайлган элдэв уран зохиолоор зориг мэдэн чимэглэх зүрх хүрсэнгүй. Уг зохиолд гардаг дүрүүдийн аравны ес нь чухамхүү бодитой нэрээр нэрлэсэн” гэж их зохиолч тэмдэглэсэн байдаг. Ил романд Манжийн талхинд зовж зүдэрсэн цаг үеэс эрх чөлөөгөө байлдан олж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан шинэ цагийн Монгол хүртэлх түүхэн үйл явдлыг дүрсэлсэн ажээ. 


“Монгол бахархал” аяныг 2025 оны 11 дүгээр сарын 1-9-ний өдрүүдэд улс орон даяар тэмдэглэж байна.

相关新闻