Феминист бус эмэгтэй ерөнхий сайд – Санаэ Такаичи
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны арваннэгдүгээр сарын 7/МОНЦАМЭ/. Либерал-Ардчилсан нам Инновацийн намтай эвслийн гэрээ байгуулснаар Японы парламент консерватив үзлээрээ нийтэд танигдсан Санаэ Такаичийг тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайдаар баталлаа.
Хүйсийн тэгш байдлын үзүүлэлтээр
дэлхийн 148 улсаас 118 дугаарт бичигдэж буй Япон улсад эмэгтэй хүнийг засгийн
газрын тэргүүнээр томилсон нь яах аргагүй онцлох үйл явдал мөн. Ялангуяа эмэгтэйчүүдийн улс
төр дэх оролцоо дөнгөж 8.5 хувьтай, засгийн газар дахь эмэгтэйчүүд ердөө 10 хувийг эзэлж буй энэ үед Санаэ ерөнхий сайдаар сонгогдсон
нь томоохон дэвшил юм.
Ерөнхий сайд хүртэлх замнал
Японы элит давхаргын улстөрчид төр
засаг, намд хашиж байсан албан тушаалаа төдийгүй өөрсдийн сонгогдож байсан тойргоо
хүртэл хүү, ач зээ нартаа өвлүүлэн үлдээдэг нь хэвийн үзэгдэл. Харин ийм удам
дамжсан нөлөө бүхий элит гэр бүлээс гаралтай Японы ихэнх улстөрчдөөс ялгаатай
нь гэвэл, Санаэ Такаичи Нара хотын жирийн нэгэн дундаж амьжиргаатай айлд 1961
онд мэндэлжээ. Түүний эцэг нь Тоёотогийн автомашинуудыг борлуулдаг менежер
байсан бол эх нь цагдаагийн газарт алба хашдаг байв.
Залуу насандаа Такаичи мотоцикл унан эх орноо тойрч, уралдааны Toyota Supra автомашинаар хурдалж, морин уралдаанд оролцож, бейсболын алдартай багийг дэмжиж, хүнд металл хамтлагт бөмбөр тоглодог эрч хүчтэй бүсгүй байв. Улстөрч болсон хэдий ч тэрбээр хоббиноосоо татгалзаагүй бөгөөд цохиураа цүнхэндээ хийгээд хуралдааны завсарлагаанаар стрессээ тайлахаар бөмбөрийнхөө ард суудаг хэвээрээ.
1984 онд Кобегийн их сургуулийг
бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн тэрбээр телевизийн сэтгүүлчээр
ажлын гараагаа эхэлж, Вашингтонд хэдэн сар байхдаа Ардчилсан намаас Конгресст
сонгогдсон феминист үзэлт эмэгтэй Патриция Шредерийн дэргэд дадлага хийжээ. Кобегийн
их сургууль бол сургалт сайтай сургууль боловч элитийн хүүхдүүд суралцдаг газар
биш юм. Эцэг эх нь туслах боломжгүй байсан тул Санаэ янз бүрийн ажил хийж сургалтын
төлбөрөө олдог байжээ.
Чухамдаа телевизэд ажиллаж байх үедээ тэрбээр Япон даяар танигдаж, улмаар 1990-ээд оны эхээр улс төрд орох зүйтэй юм байна гэдгийг итгэл үнэмшил түүнд бий болов. Бүр 24-хөн настайгаасаа парламентын гишүүн болохыг мөрөөддөг байсан тухайгаа тэрбээр илэн далангүй ярьсан байдаг.

Анх 1993 онд бие даан сонгуульд
оролцож парламентын гишүүнээр сонгогдсон Санаэ хэд хэдэн нам дамжсаны эцэст эрх
баригч Либерал-Ардчилсан намын баруун жигүүрийн фракцад харьяалагдах болсноор
улстөрчийн замнал нь огцом хурдацтай дээшилж, 2006-2007 ба 2012-2020 онуудад Ерөнхий сайдаар
ажиллаж байсан Шинзо Абэгийн ойрын хамтран зүтгэгчдийн нэг болжээ.
Улмаар Японы засгийн газарт хэд
хэдэн департаментыг удирдаж, олон улсын худалдаа, аж үйлдвэрийн асуудал төрийн
нарийн бичгийн дарга, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн ахлах дэд сайдаар
ажиллаж, Дотоод хэрэг, харилцаа холбооны сайдын албан тушаалыг хэдэнтээ хашиж
байв. Ингээд 2021 ба 2024 онуудад Либерал-Ардчилсан намын даргын сонгуульд
өрсөлдсөн боловч амжилт олсонгүй. Харин энэ оны 10 дугаар сарын 4-нд 64
насандаа Шинжиро Коизумиг ялснаар намын даргаар сонгогдов.
Ерөнхий сайдыг сонгох санал хураалт
15-ны өдөр болох ёстой байсан боловч үүнээс тав хоногийн өмнө ЛАН-тай эвсэл
байгуулсан “Комэйто” нам батлан хамгаалах, нийгмийн асуудлаар санал зөрөлдсөн
гэх шалтгаанаар эвслээс гарав. Иймээс Такаичи “Японы инноваци” намтай эвсэл
байгуулах асуудлаар хэлэлцээ хийж, 20-ны өдөр хоёр нам эвсэх тохиролцоонд хүрснээр
237 депутатын саналаар ялалт байгуулав. Дараа өдөр нь парламентын хоёр танхимд болсон
санал хураалтаар Такаичиг Ерөнхий сайдаар сонгожээ. Гэхдээ шинэ эвсэл парламентад
олонх болоход 2 суудал дутуу байгаа учраас Такаичигийн засгийн газрын хувь заяа
эмзэг хэвээр байгаа юм.
Улс төрийн үзэл бодол
Такаичиг улстөрчийнх нь хувьд The
Economist сэтгүүл тодорхойлохдоо “хүчтэй эх оронч үзэл нь соёлын үнэт
зүйлсээ хамгаалан тэмцэгчийн уламжлалт ёс заншлаа дээдлэх үзэлтэй хоршдог” гэжээ. Түүний гол үзэл
санаа бол япончуудын үндэсний бахархлыг сэргээж, “Япон орноо дахин оргилд гаргая” гэсэн уриан дор
дэлхийн гүрний байр суурийг нь эргүүлэн авчрах явдал юм.
Тэрбээр Ерөнхий сайд асан,
талийгаач Шинзо Абэгийн өвийг залгамжлагч бөгөөд батлан хамгаалах хүчин чадлыг
бэхжүүлэх, Үндсэн хуулийн пацифист /энхтайванч/ үзэл санааг эргэн харах тал
дээр тэдний үзэл бодол нийлдэг байлаа.
Эдийн засгийн бодлогын тухайд, Такаичи дэд бүтэц, технологийн төслүүд, бүс нутгийн хөгжилд төрөөс хөрөнгө оруулахын зэрэгцээ мөнгөний зөөлөн бодлого явуулж, бодлогын хүүг бууруулснаар зээл олголтыг дэмжих бодлогыг баримтална. Бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд татварын хөнгөлөлт үзүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, засаг төрд итгэх нийгмийн давхаргуудын итгэлийг бэхжүүлнэ гэж үздэг. Түүнээс гадна, Японы эдийн засгийн хамгийн том түншүүдийн нэг болох Хятадтай хийж буй худалдааг тэнцвэртэй болгохыг чухалчилдаг хүн юм. Гэхдээ иений ханш суларч, барааны үнэ нэмэгдсээр байгаа энэ үед түүний эдийн засгийн бодлого хэр амжилттай хэрэгжих нь тун тодорхойгүй байна. ЛАН, Японы Инновацийн нам нийлж эвсэл байгуулсан тухай мэдээ цацагдмагц Японы индексүүд унасан юм. Японы эдийн засаг 20 гаруй жилийн турш зогсонги, дефляцийн байдалтай байгаа бөгөөд ДНБ-ий жилийн өсөлт нь 2 орчим хувьтай байна. Японы Төв банкны бодлогын хүү хэт доогуур буюу 0,5 хувь байгаа нь аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж байна.
Харин цагаачлал ба аялал жуулчлалын асуудлаар тэрбээр хатуу байр суурь баримталдаг. Хэдийгээр Японы хүн амд цагаачид ердөө 3,2 хувийг эзэлж байгаа боловч сүүлийн үед тэдний тоо эрчимтэй өсөж байгаа юм. 2024 онд Японд 36,9 сая гадаадын жуулчид ирсэн бол энэ оны эхний хагаст энэ тоо 21 саяас давжээ. Тэднээс олон хүн оршин суух эрх авахын тулд Японд эргэн ирдэг учраас хяналтыг чангатгах нь зүйтэй гэж Такаичи үздэг.
“Өөрсдийгөө цагаачид гэж буй
хүмүүс үнэндээ бол эдийн засгийн шалтгаанаар ирж байгаа учраас тэднийг гэрт нь буцаана” гэж тэрбээр
хэлсний зэрэгцээ япон уламжлалд хүндэтгэлгүй
хандаж буй гадаадын жуулчдыг нэг бус удаа буруушааж байв. Тухайлбал, хотуудын
гудамжаар явж байгаа бугануудыг өшиглөн хөөсөн жуулчид, шинто шашны ариун
сүмийн тории хаалган дээр авирч гарсан гадаадынхан, Фукушима АЦС-ын хаалттай
бүсэд нэвтэрч лайв хийж байсан блогчдын үйлдлийг тэрбээр эрс буруушаажээ.
Зарим хүмүүс Санаэг хэт барууны
үзэлтэй гэж шүүмжилдэг. Тэрбээр 2014 онд неонацист үзэл
баримтлалтай Национал-Социалист ажилчны намын удирдагч Ямада Казунари-тай
зургаа авахуулсан нь ширүүн шүүмжлэлд өртөж байв. Харин саяхан болсон намын
даргын сонгуулийн өмнө Санаэ үг яриагаа зөөлрүүлж, өөрийгөө “аядуу консерватив үзэлтэн” гэж
тодорхойлж байлаа.
Дипломатчаар ажиллаж байсан Мияке Кунихико ярихдаа, Д.Трамп болон Европын консерватив популистууд бол одоогийн дэг журмыг өөрчлөхийг оролдож буй хүмүүс, харин Такаичи бол статус-квог хадгалахыг эрмэлздэг консерватив улстөрч” гэж тодорхойлжээ.
Феминист бус эмэгтэй
Такаичи бол улстөрчийн байр
суурийн хувьд зөрчилтэй хүн юм. Батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх, Японы
уламжлалт үнэт зүйлсийг сэргээх, цагаачлалын хатуу бодлого явуулахыг эрмэлздэг
тэрбээр жендерийн тэгш эрхийн тухай ярихаас зайлсхийдэг төдийгүй ийм эрхийн
төлөөх тэмцлийг дэмжихгүй гэдгээ шулуухан хэлж байсан удаатай. Эмэгтэйчүүд нь
эрчүүдээс бага цалин авдаг, удирдах албан тушаалд томилогдох нь ховор, гэр бүлийн
болон хүүхэд төрүүлэхтэй холбоотой дарамт шахалттай тулгарч байдаг Японы
нийгэмд Такаичи Ерөнхий сайдаар томилогдсон нь хүйсийн тэгш эрх рүү чиглэсэн хандлага
гэхээсээ илүүтэй орчин үеийн Японы нийгэм дэх зөрчлүүдийн тусгал гэж дүгнэж
болно.
Эмэгтэй хүн хаан ширээг
залгамжлахын эсрэг байдаг Такаичиг феминист үзэлтэн гэж хэлэх аргагүй. Гэтэл өнөөдөр Японы эзэн
хааны ширээг шууд залгамжлах ёстой цорын ганц хүн нь Айко гүнж байгаа бол шууд
бусаар залгамжлах 3-хан хүн байгаагийн нэг нь болох ханхүү Хитачи одоо 89 нас
хүрээд байна. Иймээс шинэчлэл хийх шаардлагатай эсэх талаарх мэтгэлцээн эрчимтэй
өрнөж байна.
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах
явдлыг устгах НҮБ-ын хорооноос хаан ширээ залгамжлах тухай хуулиа эргэн харахыг
Японы талд хэдэнтээ зөвлөсөн боловч
эрх баригчид татгалзсаар байгаа юм. Гэтэл 2024 онд явуулсан санал асуулгаар
япончуудын 81 хувь нь эмэгтэй хүн Эзэн хааны суудалд залрахад татгалзах зүйлгүй
гэдгээ илэрхийлсэн байна. Такаичи мөн эхнэр
нөхөр хоёр өөрсдийн овгийг хадгалахыг зөвшөөрсөн хуулийг эсэргүүцдэг бөгөөд 2004 онд
Таку Ямамото-той гэрлэхдээ нөхрийнхөө овгийг авсан байдаг.
Нөгөө талаас, тэрбээр эмэгтэйчүүдэд
үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төр засаг дахь
эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийг дэмждэг. Сонгуулийн сурталчилгааны
үеэр Такаичи хэлэхдээ, гэртээ хүүхдээ харсан бол татварын хөнгөлөлт үзүүлнэ,
ажилтнуудынхаа хүүхдүүдийг асрах цэцэрлэг байгуулж ажиллуулсан компаниудыг
урамшуулна гэж байв.
Одоогоор түүний танхимын 20
гишүүнээс ердөө 2 нь эмэгтэй бол парламентын гишүүдийн 20 хүрэхгүй хувийг
эмэгтэйчүүд бүрдүүлж байна.
Дайн, цэргийн зардал, гадаад
бодлого
Харин шинэ Ерөнхий сайд батлан хамгаалах салбарын асуудал дээр эргэлтийн шинжтэй алхмууд хийж магадгүй байна. Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд “Япон улс армитай байж болохгүй, зэвсэгт мөргөлдөөнд оролцож болохгүй” гэж заасан байдаг хэдий ч Такаичи батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхийн төлөө тууштай зогсдог хүн юм. Цаашдаа Японы өөрийгөө хамгаалах хүчнийг бүрэн хэмжээний арми болгон хувиргахад чиглэсэн хууль батлагдах аваас дотоодод болон гадаадад яггүй хурц маргаан дэгдэх магадлалтай.

Такаичи албан тушаалдаа орсон даруйдаа батлан хамгаалахын зардлыг ДНБ-ий 2 хувьд хүргэж нэмэгдүүлэх зорилтыг төлөвлөсөн хугацаанаас хоёр жилийн өмнө хэрэгжүүлэхээ амлажээ. Мөн АНУ, Өмнөд Солонгос, Филиппин, Австралитай тогтоосон цэргийн салбарын хэлхээ холбоогоо бэхжүүлэхийг чухалчлан үздэг.
Харин Хятадад таагүй ханддаг, Тайванийг дэмждэг гэдгээрээ танигдсан Такаичигийн засгийн газар БНХАУ-тай харилцаагаа цаашид хэрхэн өрнүүлэх вэ гэдгийг цаг хугацаа харуулах болно. Үүнтэй холбогдуулан дурдахад, дэлхийн II дайнд Японы гүйцэтгэсэн үүргийн талаар тэрбээр өөрийн “халамжлан хүмүүжүүлэгч” Абэтэй санаа бодол нэгтэй байдаг. Тодруулбал, Японы цэргийнхний үйлдсэн гэмт хэргийн цар хүрээг хэтэрхий дэгсдүүлсэн /ялангуяа Хятад, Солонгост/ гэж үздэг. Тэр ч байтугай нэгэн ярилцлагадаа, Япон улс 1945 он хүртэл аюулгүй байдлаа хангахын тулд дайн хийсэн гэж хэлжээ. Такаичи дайнд амь үрэгдсэн япончууд, тэдний дотор цаазлагдсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн шарилыг хадгалж буй Ясүкүни сүмд байнга очдог гэдгээрээ олны анхааралд өртсөн төдийгүй хөрш орнуудын зүгээс хатуу шүүмжлэл сонсдог.
Гадаад бодлогын тухайд гэвэл,
ерөнхий чиг баримтлал нь
илтэд өөрчлөгдөх магадлал тун бага. Аюулгүй байдлын тал дээр Япон улс уламжлал
ёсоор Америкийг түшиж ирсэн бөгөөд Токио, Вашингтон хоёр Бээжингийн цэргийн
амбиц, Умард Солонгосын пуужингийн туршилтуудаас болгоомжлон ханддаг.
Мөн Орос улстай харилцах тал дээр
нэг талыг барьсан огцом алхам хийх нь юу л бол. Такаичигийн улс төрийн “халамжлан
хүмүүжүүлэгч” болох Шинзо Абэ ерөнхий сайд байхдаа Курилын арлуудын асуудлаар
Москватай хэл амаа ололцох гэж чамгүй хичээж байсан бол Такаичи энэ тал дээр
идэвх гаргах гэж яарахгүй байна. Тэгэхээр аядуу байдлаар зайгаа барьсан бодлого
хэвээр үргэлжлэх болов уу. Японы тал Оросын нефтийг худалдан авахаа багасгаж
байгаа бөгөөд холбоотнуудынхаа шахалтын дор цаашид улам бууруулах бололтой.
Нөгөөтэйгүүр, Оросын “Сахалин-2” төсөлд Японы хоёр компани оролцдог бөгөөд Оросоос авч буй хий нь Японы
хэрэгцээний 9 хувийг хангадаг тул энэ нь эрчим хүчний аюулгүй байдалтай шууд холбоотой.
Японы анхны Ерөнхий сайд эмэгтэй
албан тушаалдаа орсон эхний 10 хоногтоо багагүй ажлыг амжуулж, өндөр дээд түвшинд
хэд хэдэн уулзалт хийлээ. Энэ үеэр Санаэ өөртөө итгэлтэй, сандарч тэвдэхгүй
байсан бөгөөд гэрэл зургийн дуранд өөрийн дүр төрхийг маш эергээр гаргаж чаддаг авьяасаа харуулжээ.
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон”
хөлөг онгоцон дээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрт нь “гайхамшигтай агуу
улстөрч” хэмээн магтаалын үг хэлэхэд нь гэвэл Санаэ баярлан хөөрч, гараа
зангидан дээш өргөж байсан нь ёсорхуу
биеэ барьсан Японы албан тушаалтнуудаас эрс ялгаатай байв.
Хэт барууны үзэлтэй, өнгөрсөн дайны төлөө уучлал гуйхыг хүсдэггүй Японы шинэ удирдагчтай уулзахын өмнө багагүй жийрхэж байснаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён дараа нь ярьсан юм. Гэвч АПЕК-ийн чуулганы үеэр С.Такаичитэй хийсэн уулзалтаас маш сайхан сэтгэгдэлтэй үлдсэн тухайгаа тэрбээр хэлж байв.
Мөн АПЕК-ийн орнуудын удирдагчид хамтдаа зургаа авахуулах үеэр барагтай зүйлд инээдэггүй Хятадын удирдагч Ши Жиньпин тааламжтайгаар инээмсэглэж, Японы шинэ ерөнхий сайдад ямар нэгэн таатай хөгжилтэй зүйлийг хэлж байлаа.
Колумбын их сургуулийн улс төр
судлаач Жералд Кертис-ийн дүгнэн хэлснээр, Такаичигийн үед Япон улс өөр бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр удаан
үргэлжилсэн эрин үе дуусгавар болж байна. С.Такаичи засгийн эрхэнд гарсан нь
түүхэн цаг мөч бөгөөд Япон орон удирдлагын консерватив загварт шилжиж,
уламжлалт үнэт зүйлс рүүгээ эргэн ирж байна. Ингэснээр тэгш байдал, хүний
эрхийн асуудал хоёрдугаарт
тавигдах болно гэж судлаач дүгнэжээ.
Санаэ Такаичийг ерөнхий сайдаар сонгосон нь консерватив үзэл давамгайлсан улс оронд ч гэсэн эмэгтэй хүн засаглалын оргилд гарах боломжтой гэдгийг батлан харуулсан хэрэг мөн. Гэхдээ ийм ховор тохиолдлыг “жендерийн тэгш байдлын эрин үе ирлээ” гэж дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл юм.
Ulaanbaatar