“GREAT” хөтөлбөрийн жишгээр Монголоо сурталчилъя

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-11-17 13:35:24

Өнөөдөр Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд ИБУИНВУ-ын Ерөнхий сайдын Ажлын албаны “GREAT” хөтөлбөрийн захирал Конрад Бөрд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “GREAT төслийн ололт амжилт, туршлага” сэдвээр илтгэл тавьж танилцуулав.

“GREAT” хөтөлбөр нь Их Британи улсыг нэгэн цогц брэнд дор сурталчлан аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, спорт зэрэг салбаруудаас олох орлогыг нэмэгдүүлэн тус улсын имиж, нэр хүндийг нэмэгдүүлсэн аяны ажил юм. Уг аяныг Их Британийн Засгийн газар 2012 онд анх гаргасан бөгөөд өөрийн хилийн чанад дахь ЭСЯ-дууд, худалдааны хэлтсүүдээр дамжуулан олон улсад хэрэгжүүлдэг байна. Одоогоор 144 оронд энэ аян хэрэгжин нийт 2,1 тэрбум фунт стерлингийн орлогыг Британи улсад оруулжээ. Энэ тоо цаашид 2,2 тэрбумаар өсөх тооцоо байна.

Тус илтгэлийг төрийн яам агентлагийн гадаад сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд, аялал жуулчлал, соёл урлаг, маркетинг, сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, их дээд сургуулийн багш, профессорууд оролцлоо.

Манай улсын дээр дурдсан салбаруудад тус төслийг хэрэгжүүлж туршвал тодорхой үр дүн гарч, ашиг орлого олох боломж байгаа юм. Харин хэрхэн хэрэгжүүлэх арга зам, шийдлийг олж ажиллах нь хамгийн чухал юм.

Энэхүү туршлага судлах ажлыг ГХЯ зохион байгуулж, БСШУСЯ, БОАЖЯ, Их Британийн ЭСЯ, НАЖГ, НСУГ, МАЖХ, МҮМХ зэрэг байгууллага хамтран зохион байгуулжээ.

Д.Өлзий

相关新闻