ЗАВХАН: Малчин өрхийн тоогоор улсад 8 дугаарт эрэмбэлэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-11 14:57:00

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймаг малчдын тоогоор Монгол улсад 7 дугаарт эрэмбэлэгдэж байна.


Өнөөдрийн байдлаар 16.4 мянган малчин мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Аймгийн хэмжээнд Их-Уул сумын малчдын тоо хамгийн олон буюу 2421 байгаа бол Асгат сумынх хамгийн цөөн 240 малчинтай байна.


Эдгээр малчин өрхийн 89.6 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 84.1 хувь нь телевизортой, 76.2 хувь нь авто машинтай, 60.8 хувь нь мотоциклтэй байна. Нийт малчдын 9.6 мянга буюу 58.3 хувь нь эрэгтэй, 6.8 мянга буюу 41.7 хувь нь эмэгтэй малчин байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Цэцэн-Уул, Ургамал, Цагаанчулуут, Тэс, Отгон, Идэр сумын малчид 3-59 хүнээр буурсан бол бусад сумынх 3-164 хүнээр малчдын тоо өссөн байна.


Завхан аймгийн малчин өрхийн тоо 10.059 байна. Монгол улсад малчин өрхийн тоогоор 8 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Аймгийн 24 сумаас Их-Уул сум хамгийн олон буюу 1408 малчин өрхтэй байна. Асгат сум 166 буюу хамгийн цөөн малчин өрхтэй байна.


Малчин өрх гэдэг нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр болж байгаа өрхийг хамруулна. Малтай өрх гэж мал бүхий өрх болон малчин өрхийг хамруулж ойлгоно.


Аймгийн нийт малтай өрхийн 72.1 хувь буюу 10.1 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа малладаг бөгөөд амьжиргааны эх үүсвэр нь болж байна. Сүүлийн хоёр жил малтай өрхийн тоо нэмэгдэж байна, өмнөх оныхоос 0.9 хувь буюу 123 өрхөөр нэмэгджээ гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 


Гэрэл зургийг: Н.Сүхбат

相关新闻