Дэлхийгээс тойрог зам хүртэл квант холбоо үүсгэж болохыг нотолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-11-11 19:22:11

СИДНЕЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /new-science/. Гэрлийн квант цацрагийг дэлхийгээс тойрог зам руу дамжуулах боломжтой гэдгийг эрдэмтэд анх удаа баталжээ. Дээш чиглэлийн харилцаа холбооны сувгуудыг бий болгох боломжтой гэдгийг харуулсан энэхүү ололт нь дэлхий даяар квант интернэтийн сүлжээ бий болгох замд чухал алхам болж байна.


Өнөөг хүртэл хиймэл дагуулууд бүхий квант холбоо нь зөвхөн доош чиглэлийн сувгуудаар хязгаарлагдаж байсан бөгөөд гэрлийн цацрагийг сансраас газарт байрлах станцууд руу дамжуулж, өндөр хамгаалалттай холбооны шугам үүсгэдэг байв.


Сиднейн Технологийн их сургуулийн эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар эдгээр гэрлийн цацрагийг мөн дэлхийгээс сансар руу амжилттай илгээж болохыг тогтоожээ. “Одоогийн квантын хиймэл дагуулууд сансарт бөөмүүдийн хос орооцолдооныг үүсгэж, хос бүрийн нэг бөөмийг хоёр өөр газрын станцууд руу доош илгээдэг. Энэхүү аргыг ихэвчлэн криптографид ашигладаг бөгөөд нууц түлхүүр үүсгэхэд хэдхэн фотон л шаардлагатай байдаг учир цорын ганц боломжит арга гэж үздэг байсан” гэж профессор Александр Солнцев ярилаа.  Дохиог алдах, хөндлөнгийн саад тотгор учрах, сарних гэж зэрэг шалтгаанаар ажиллахгүй гэж үзэж байсан тул эрдэмтэд эхэндээ дээш чиглэлийн сувгийг бий болгох аргыг судалдаггүй байжээ. 


Харин профессор Дэвитт болон түүний багийнхан үүнийг няцаасан аргыг загварчилж, туршилтаар баталжээ. Энэ нь хоёр өөр газрын станцаас тус бүр өөр фотон илгээж, 500 км-ийн өндөртэй тойрог замд, цагт ойролцоогоор 20 мянга км-ийн хурдтай хөдөлж буй хиймэл дагуул дээр уулзуулан, квантын интерференцид оруулах арга ажээ. 


Дэлхийн гэрлийн эх үүсвэрийн нөлөө, Сарны гадаргуу дээр ойсон Нарны гэрэл, агаар мандлын нөлөө, оптик системийн төгс бус нийцлийг хүртэл харгалзан үзсэний үндсэн дээр бодит нөхцөл байдалд хийсэн загварлал нь дээш чиглэлийн холбооны сувгийг бий болгох боломжтой гэдгийг харуулсан байна. Эрдэмтдийн хэлснээр, энэхүү аргыг ойрын ирээдүйд дэлхий даяар квантын сүлжээ байгуулахад ашиглаж болох бөгөөд үүний тулд бага оврын хиймэл дагуулыг нам тойрог замд байрлуулахад хангалттай.


Энэхүү судалгааны талаарх өгүүллийг “Physical Review Research” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.


相关新闻