Ц.Шагдарсүрэн: Төв Азийн алтай овог хэлтнүүдийн үндэсний бичигт монгол бичиг нөлөөлсөн нь тодорхой харагддаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
khandmaa@montsame.gov.mn
2025-11-19 10:27:33
"Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнгийн бүтээл

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдөр, билгүүн номч Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойн өдрийг тохиолдуулан түүний гарын шавь, Төрийн шагналт, хүмүүнлэгийн шинжлэх ухааны доктор Ц.Шагдарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр монгол хэл, үсэг бичиг, уламжлалт мэдлэг соёл, эх бичиг судлал гээд өргөн хүрээг хамран судалж "Монгол үсэг зүй", "Монголчуудын үсэг бичгийн товчоон" зэрэг ном бичсэн байдаг. 


-Монгол бахархлын өдөр тохиох гэж байна монголчуудын хувьд юу юу нь хамгаас бахархалтай гэж та үздэг вэ? 


-Бид өнгөрсөн түүхээрээ бахархах баярын өдөртэй болсон нь цаг өөр болсны баталгаа. Түрүүчийн нийгэмд "Монгол бахархал" гэж ярих нь ч санахын аргагүй зүйл байлаа. Цагаан сараа ч хийж болдоггүй, 1921 оны Ардын хувьсгалын баяр буюу Наадмаас өөр монголчуудын гэх баяр байхгүй, бусад нь цөм “гадаад”-ын баяр байлаа.


Бидний тухайд, ойр зуурхны юманд эргэлдээд, ярьдаггүй болохоос, наад зах нь, бидний өнгөрөөсөн бүхий л цаг хугацаанд монгол түмнийг нэг ч удаа өлсгөлөнгийн аюулд оруулаагүй монгол аж төрөл маань бахархахгүй байхын аргагүй зүйл боловч түүнийгээ хоцрогдол гэж ярьсаар ирсэн.


Хүннүгийн үеэс Төрт улсаа байгуулсан монгол угсаатны тухайд агуу гүн ухаантан Ф.Хегел “Хүн төрөлхтний түүх дорноос, монголчуудаас эхэлдэг. Учир нь тэнд төр байсан юм” гэсэн нь буй.


Үүний дээр тэрхүү монгол төрийн гадагшаа хандсан бодлого нь бусад улс үндэстнийг өөрийн болгож бүх талаар уусгах бодлогоос үлэмж өөр, харь улс үндэстний хэл, бичиг, соёл, шашин суртал, аж төрөх ухааныг нь хүлээн зөвшөөрч ая тааваараа аж төрөх боломжийг олгосоор ирснийг гадаадын монголч эрдэмтэд Pax Mongolica гэдэг нэр томьёогоор оноон нэрлэсэн байдаг. Харин бид өөрсдөө наад зах нь бусдыг дагаж, дэлхийн хэмжээний төр улсаа байгуулсан Чингис хааныхаа нэрийг өнгөрсөн зуунд дэндүү хугалж, муугийн сонгодог жишээ болгоогүй л бол, нэрий нь ч хэлэх цээртэй, хатуу хэлбэл “заяа нь хаямаар” муучилсан даа.

Харин одоо тэмдэглэн буй Монгол бахархлын өдөртэй шууд холбогдол бүхий их хаантны тухайн цаг үед, одоотой харьцуулшгүй ойр зохиогдсон “Алтан товч”, “Асрагч нэртийн түүх” зэрэг сурвалжид “...хар буюу усан морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанаа, улаан тэргэл өдрийн, өдөр дөл цагт...” төрсөн хэмээн эргэлзээ тээнэгэлзээгүй тэмдэглэсэн байдаг. 



"Монголын сайхан бичигтэн 2024" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслолын үеэр


-Монголчууд шиг түүхэндээ олон бичиг үсэг хэрэглэсэн улс аль хэр олон байдаг вэ, энэ нь монголчуудын хувьд бас нэгэн бахархал нь мөн үү? 


-Өвөг дээдэс маань түүхэндээ арваад бичиг боловсруулан хэрэглэж иржээ. Ийм түүх бусад улс оронд байхгүй. Гэвч сайтар эргэцүүлж гэмээ нь нааштай цааштай бодох юм буй. Тэдгээр арав орчим бичгээс сүүлчийн хоёрыг эс тооцвол цөмийг нь өөрсдийнхөө санаачилгаар, Юан улсын төрийн бичиг – дөрвөлжин бичгээс бусад нь Согдоос эх авсан монгол бичгийг улам боловсронгуй болгож, тухайнхаа цагийн яриа хэлэнд ойртуулах “гэнэн” зорилготой нь холбоотой. Гэвч зорилго, үр дүн хоёр дандаа тохирдог гэсэн ном үгүй. Аливаа улсын бичиг үсгийн түүхэнд ярианыхаа хэлтэй яг таардаг бичгийн хэл гэж огт бас үгүй. Жишээ нь, орчин цагт англи хэл бичгийнхээ хэлээс хамгийн их ялгаатай. Тэгээд ч толь бичигт үг бүрийн ард дуудлагыг нь дөрвөлжин хаалтад хавсаргадаг. Хэрэв зээ манайх шиг “засна” гэвэл англи хэлний яруу тансаг дуудлага алдарч, тухай тухайн үгийг уламжлалт бичлэг нь уг үгийн гарал, уугуул утга... гэх зэрэг түүхэн хувьслын ул мөрийг “зугуухан” сануулж өгдөг чадвар нь үгүй болно гэж үзээд одоо болтол “засаагүй” гэдэг.


Энэ бүхэн нь цаанаа гүн ухааны үндэстэй, өнгөрсөн, одоо, ирээдүй гэдэг гурван цаг байдаг ч, харьцангуй “одоо” цаг байхаас “туйлын” одоо цаг байдаггүйтэй холбоотой. “Одоо” гэж хэлэхэд л тэр одоо хэдийнээ өнгөрсөн цаг руу орчихсон байдаг, цагийн зүү шиг...


Монгол бичигт нэг үсгээр хэдэн авиа тэмдэглэдэг нь “хоцрогдол” огт биш, цаанаа нарийн учиртай, англи хэлний "u" эгшиг л гэхэд наад зах нь найман өөр дуудлагатай байтал бид түүнийг хоцрогдол гэдэггүй...


Монгол хэлний олон аялгуунаа өндөр-үндэр, соёл-суял, дашуур-ташуур, зам-ям, халзан-галзан ... гэх мэтээр сэлгэдэг ө-ү, о-у, д-т, х-г ... зэрэг олон авиаг нэг үсгээр тэмдэглэсэн нь цаанаа тодорхой учиртай. Энэ чанар нь аль нэг нөлөөтэй аялгууны эрхшээлд автаж өөрийнхөө аялгууг орхилгүй, аялгуутан бүр өөр өөрийнхөө аялгуугаар уншаад нийтээрээ нэг янзаар ойлгоно гэсэн үг. Энэ нь нэгдмэл нэг монгол хэл рүү тэмүүлнэ гэсэн үг. Хэдийгээр тод, соёмбо, вагиндра, орос кирилл зэрэг бичиг нь тухайн нутаг усныхаа аман хэлэнд ойр мэт болсон ч нэгдмэл нэг монгол хэлнээс холдон салах эрсдэлийг санамсаргүй бүрдүүлжээ. Тэгээд ч, монгол бичиг шиг нийт даяар хэрэглэнэ гэж зорьсон, тэдгээр хэдэн зүйл бичиг нийт монгол даяар хэрэглэгдэх боломжгүй болоход хүрсний уг учир нь тэр.  Монгол бичиг нь монгол хэлнээ тохирсон үсэг зүйн өвөрмөц шийдэл, боловсронгуй тогтолцоогоороо цаг хугацааны хувьд, анх буй болсон цагаасаа өнөөдрийг хүртэл хамгийн урт удаан, орон зайн хувьд хамгийн өргөн дэлгэр буюу өргөн уудам нутагт тархан суудаг монгол туургатан нийтээр хэрэглэсээр иржээ. 



-Монгол бичгийн дэлхийн бичиг үсгийн түүхэнд оруулсан хувь нэмрийн тухайд...?


-Дэлхийн соёл боловсролын түүхнээ үсэг бичгийн судалгаа бие дааж онцгой байр эзэлдэг. Энэ хүрээнд маш товчхон тэмдэглэхэд, монгол бичиг буй болсон нь өөрөө дэлхийн үсэг бичгийн санг баяжуулсан гэдэг нь маргаангүй бөлгөө. Үүнээс гадна монгол бичиг Монголынхоо дотоодод ч тод бичиг, Вагиндра бичиг зохион салбарлахад гол үндэс нь болж өгсөн гэдгийг бид сайн мэдэх билээ. 


Бас Төв Азийн зүрчид, солонгос, манж зэрэг алтай овог хэлтэн хятад бичиг хэрэглэж байснаа бие даасан төр улсаа байгуулмагц хэлнийхээ хэв шинжид тохирсон үндэснийхээ авианы бичгийг боловсруулан зохиох явдал уламжлал болсон байдаг. Ийнхүү өөр өөрийнхөө үндэсний бичгийг зохиоход нь монгол бичгийн гадаад хэлбэр төдийгүй, дотоод тогтолцоог эгшиг зэрэг нийлмэл махбодтой үсгийн тухайд авч хэрэглэсэн нь нэг бус зүйл дээр тодорхой харагддаг. 


Зураг дээр: Зүүн гар талаас: МУИС-ийн оюутан Жамбал, Цэ.Шагдарсүрэн, академич Б.Ринчен, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн АШ ажилтан Женя, Батнасан нар. Хэнтий аймгийн Дадал сум, Чингисийн хөшөөний өмнө, 1963 оны зун 


-Таны багш Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Монголчуудын бахархалт их эрдэмтний мэндэлсэн өдөр өнөө жил “Монгол бахархлын өдөр”-өөр тохиож байгаагаараа бас онцлог. Таны багш монгол бичгийн тухайд юу гэж ярьдаг байв? 


-Монгол бичиг бол монголчуудын хувьд онцгой үүрэгтэй, түүхэн ой санамжийг бидний үед тээн авчирсан бичиг. Тэгэхээр уг нь эзнийх нь хувьд бахархахгүй байхын аргагүй зүйл мөнөөс мөн. Гадны улс төрийн шахалтаар, хожуу олсон   араншингаараа өнгөрсөн зууны туршид бид өөрсдөө бахархах ёстой үндэснийхээ монгол бичгийг “хуучин”, “хоцрогдсон”,

“шинэ үеийн монголын хөгжилд тус нэмэргүй”, “хуучны хүнд суртлын нэгэн салбар”, “монгол бичгийг феодал лам нар болон харгис феодлын засаг дарлагдсан ард түмнийг дарлан мөлжих зэвсэг болгон хэрэглэж байжээ” гэх мэтээр муулсаар байгаад орхиход хүрч, эхлээд сар хүрэхгүй хугацаанд латин үсэгт шилжиж, дараа нь “шинэ” хэмээх орос (кирилл) бичгийг авсан билээ.


“Хуучин” гэдгийнх нь тухайд, таван мянган жилийн түүхтэй ханз бичгээ хятад түмэн “хуучин” гэж гоочилдоггүй, харин ч эртний түүхтэй хэмээн бахархдаг. 


Сүүлийн үед монголчуудын үсэг бичгийн талаар баруунд гарсан нэг бус номонд бидний хэрэглэж ирсэн бичгийн жагсаалтад “монгол бичиг” гэдэг нэр байхгүй, харин оронд нь “уйгур бичиг” гэж байх болжээ.  Тэр бүү хэл, “Алтан ордоны үйсэн дээрх бичиг” гэдэг монгол бичгээр буй иргэний агуулгатай яруу тансаг зохиолын талаар ОХУ-д гарсан цахим нийтлэлд “уйгур бичиг”-ээр байгаа гэдэг тайлбар дагалдуулсан байна. Үүнээс үүдээд “Чингис хааны монголчуудын хэл нь эртний түрэг хэл, бичгийн хэл нь уйгур бичгээрх мөнөөх л тэр түрэг хэл байсан юм, тэд монгол хэлийг хэрэглэдэггүй байсан юм чинь, өөрсдийнхөө тухай монгол хэлээр бичиж үлдээх ёстой байсан гэж үү?”  гэж мэтгэсэн зүйл гарсаар байхад үүрэг хүлээсэн байгууллага нь аанай л дуугүй байгаа нь хачирхалтай. Чухмыг хэлэхэд, энэ бүхэнд, тэднийг буруутгахаасаа өмнө бусдын анхааралд өрттөл “уйгуржин бичиг” гэсээр ирсэн бид өөрсдөө буруутай.

 

Багшийн үзэл бодол, үйл ажиллагаа нь зөрдөггүй болохоор бүх зүйл тов тодорхой, тэгээд ч  багш ингээрэй, тэгээрэй гэж захиад байдаг хүн биш байлаа. Монгол бичгийн мөн чанар, нийгэмд гүйцэтгэсэн үүргийг нь зөв ухаарсан хэн боловч хайрлахгүй байхын аргагүй.


Монгол бичиг бол монгол хүний хэл сэтгэхүйн унаган холбоог ямагт бэхжүүлсээр ирсэн, тулгамдах зүйл гарахад монгол бичгийн хэлбэрийг санахад л зөв зам мөрийг төвөггүй заагаад өгдөг бичиг.


-Ард түмний дунд домог мэт яригддаг Б.Ринчен хэмээх энэ их хүний дэлхийн хэмжээний эрдэмтэн байсны нь тухайд Монгол бахархлын энэ өдрөөр ямар баримт хуваалцах вэ?


-Товчхон хариулахад, зөвхөн судалгааныхаа бүтээлийг л, монголоос гадна, орос, франц, англи, герман, польш, чех ... гээд арваад хэлээр Ази, Европ, Америк тивд, олон улсын эрдэм шинжилгээний нэр алдартай сэтгүүл, цувралд гаргасаар ирсэн нь түүний эрдэм мэдлэгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсний нутлагаа болж өгнө.


-Та багшийнхаа ямар зан чанарыг хамгаас дээдэлдэг вэ, ямар үйл хэргийг нь хамгаас хүндэлдэг вэ? 


-Багшийн улс Монголоо гэсэн нэгэн үзүүрт сэтгэл, бас 1970 онд “Таны үргэлж санаж явдаг ямар мэргэн үг байдаг вэ?” гэж асуусан сэтгүүлчид “Чехийн Ян Хүсийн үхсэн ч үнэнчээр явсаар үх" гэдэг үгийг үргэлж санаж явдаг” гэж хариулсан нь сэтгэлд нэн таатай байдаг.


Энэ асуултыг дэлгэрүүлэн би хариулснаас бусад хүний онож хэлсэн үнэлгээ нь олон нийтэд илүү хүртээмжтэй болов уу гэж бодоод нэжгээд бадаг хоёр шүлгийг хэлмээр  санагдав.


...Аадарт балбуулж шуурганд нүдүүлсэн ч

Аашаа эвдээгүй ганц улиас

Өсөхийн араншингаараа өтөлсөн

Өвгөн улиас ...  (Яруу найрагч Л. Дагвадорж)


...Гай, гавьяа хоёрыг ялгахуйяа бэрх

Галзуу улаан цагт Та зүдэрч амьдарсан

Галд дулаацахаас илүү үнэнд дулаацаж

Гараг дэлхийдээ Та (нэр) бүтэн үлдсэн.... (Соёлын гавьят зүтгэлтэн Б. Норов)


-Монгол бахархлын өдөр нээдэг “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн ач холбогдол, үр нөлөөг нь та хэрхэн үздэг вэ?  


-Уламжлал болсон энэ үзэсгэлэн цаг өөр болсны бас нэгэн ил бодтой баримт. Тэгвэл цаг өөр болоогүй үед ямар байсан юм бэ? гэдэг асуулт гарч болно оо доо. Нэгэн баримт хэлье.

Их Тэнгэрийн аманд 1962 онд Ю.Цэдэнбал дарга зохиолчдыг хүлээн авч уулзахад зохиолч Ч.Лодойдамба, Б.Явуухулан хоёр монгол бичгээр бичсэн бүтээлийг шинэ үсгээр буулгахад найруулга нь эрс мууддаг тухай баримтаар өгүүлээд, монгол бичигтээ эргэж орох талаар асуухад Ю.Цэдэнбал дарга, "...Шинэ үсэгт шилжсэн нь нийт хөгжлийн хувьд дэвшилттэй хэрэг. Нам ингэж үзсээр ирсэн. Одоо ч хэлж байна. Ирээдүйд нэг бичиг, нэг хэлтэй болох онол бий шүү дээ. Энэ бол биелэгдэх зүйл” гэж эрс шулуухан хариулсан байдаг.


Тэрхүү нэг бичиг, нэг хэл гэдэг нь ямар бичиг, ямар хэл болох нь тухайн үед “орос” гэдэг нь хэн бүхэнд тодорхой байсан хэрэг. Нэгэнт ийм онолд бат итгэж байсан учир, улс орныг тасралтгүй 44 жил удирдсан Цэ даргын үед нэр муу зөвхөн монгол бичиг гэлтгүй, “ирээдүйгүй” монгол хэл ч анхаарлынх нь гадна байжээ. Бусад улс орон Үндэснийхээ их сургуульд, эх хэлнийхээ салбарыг тусгайлан бие даалгадаг байтал шүү дээ. МУИС-ийн монгол хэлний салбар нь, орос зэрэг бусад хэлний хамт хэл бичгийн факультетэд харьяалагдаж, бас бие даасан Орос хэлний дээд сургууль шинээр байгуулагдаж байсан билээ.



相关新闻