БУЛГАН: Малын сүүнээс будаг гаргахын нууц буюу монгол ухаан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт арга ухааныг хөгжүүлэн дэлгэрүүлж сүүнээс будаг гаргаж ахуйдаа хэрэглэх, ямааны арьсан хуудастай дэвтэр хийж нүүдэлчин түмний соёлын үнэт өвийг хадгалан, ноос нэхий боловсруулан бүтээл урлаж олон шавьдаа өвлүүлж яваа Монгол Улсын Гавьяат багш, дүрслэх урлаг дизайн технологийн дэд профессор, Монголын уламжлалт өв соёлыг судлан дэлгэрүүлэгч Даваасүрэнгийн Дарьсүрэнтэй уулзаж ярилцлаа.
Тэрбээр одоо гавьяаныхаа амралтад суусан ч зөвлөн туслах, илтгэн сургах ажлаа хийсээр буй бүтээлч багш, Ач, зээ нарынхаа дунд жил бүр монгол тоглоом наадгай урлах тэмцээн зохион байгуулан, шагнаж урамшуулдаг байна.
-Таны монгол уламжлалт арга ухаан шавь нарт тань хэр нөлөөлж амьдралд хэрхэн биеллээ олж байна?
-Үүнийг ярихын тулд өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг бага ангид сурч байхад Түмэн бодис гэдэг хичээл заадаг байлаа. Энэ хичээлд маань хүүхдүүд их сонирхолтой, дэлгэрэнгүй яриулахыг их хүсдэг байсан. Ийм учраас би мэдлэгээ өргөжүүлэхийн тулд астрономи болон химийн хичээлийг давхар судалдаг болсон доо. Багш хүн хэр зэрэг өөрийгөө хөгжүүлж мэдлэгтэй бөгөөд заах арга зүй арвинтай байна бидний ирээдүй болсон хүүхдүүд төдий чинээ чадварлаг, санаачилгатай өсөж өндийнө гэж боддог.
-Таныг малын сүүнээс будаг гаргаж авсан тухай ярьцгаадаг энэ талаар?
-Тийм ээ. “Сүүн будаг” үйлдвэрлэх арга, “Гар нэхмэлийн бэлдэц бэлтгэх аргачлал”-ын талаар патенттай. Намайг бага байхад аавын маань ах Шагж гавж гэдэг эрдэм мэдлэгтэй лут хүн байсан. Тэр үед хэчнээн эрдэмтэй байлаа ч лам нараасаа мэдлэгийн нууцыг нь өвлөөд авах юм сан гэсэн сэтгэгдэл тун ховорхон үе байсан болов уу. Нэг хэсэг уламжлалт арга ухааныг тоодоггүй хоцрогдсон гэж үздэг байсан. Нэг өдөр аавтайгаа гавж ахындаа очсон чинь нэг хөөрхөн жижигхэн модон авдрыг гоё өнгөөр будчихсан байна. Тэр үед би 13-тай л байсан байх. Ааваасаа асуусан чинь сүүгээр хийсэн будгаар будахаар ийм гоё болдог юм гэж билээ. Ингэж л анх сүүн будаг гэж байдаг юм байна гэж ойлгоод яавал сүүгээр будаг хийх вэ гээд л дандаа боддог болсон. Энэ бол цэвэр уламжлалт арга юм. Тэгээд ганц нэгэн итгэлтэй хүнээс асууж лавлаж, чимээгүй эрэлд гарсан даа. Иймэрхүү юмыг хүн бүрээс ил асуугаад явж болдоггүй юм билээ. Аливаа зүйлд чинь өөрийн нууц гэж байна шүү дээ. Судалгаан дээр тулгуурлах нь чухал л даа.
Дуулсан сонссоноо хөгжүүлээд янз янзаар туршсаар сүүн будаг гаргаж авсан. Японы эрдэмтэд надтай хамтарч ажиллах санал тавьсан болов ч би зөвшөөрөөгүй. Аливаа улсад чинь өөрийн гэсэн уламжлалт аргын нууц гэж байх ёстой л доо. Жишээ нь Хятадын будаатай шаазан гэхэд нууцаа алдаагүй л энэ зуунтай золголоо шүү дээ.
-Сүүн будгийнхаа талаар дэлгэрэнгүй ярьж болох болов уу?
-Нэгэнт патенттай болохоор ярьж болно байх гэж бодож байна. Гэхдээ зарим хийх аргаа нууцалж ярина шүү. Энэ сүүн будаг гаргах аргачлал бол өвөг дээдсийн маань нууц жор байж мэдэх юм. Гэхдээ миний ч нууц жор орсон шүү. Сүү бол монголчуудын хиргүй цагааны бэлгэдэл төдийгүй сэтгэлийн сүлд нь болон дээдлэгдсээр ирсэн түүхтэй. Алсын замд явах хүндээ, уул усаа хүндлэхдээ, барилга байшин, шинэ гэр барихдаа гэх мэт сүүгүй юм гэж ховор шүү дээ. Сүүгээ өргөдөг заншил бол бидний зүрх сэтгэлийн дархлаа юм. Харин сүү маань 64 хувирдаг будаг болно гэхэд гайхамшигтай нууц ухаан оршиж байгаа хэрэг л дээ.
Монгол хүн аливааг хийхдээ ямагт өдөр судар үзэж үйл бүтэх өдрөө сонгодог шүү дээ. Сүүн будаг хийхдээ зуны дунд сарын 22-нд сүүгээ битүү зэс саванд хийгээд 108 хоног 45-60 см-ийн гүнд булдаг юм. Булсан сүүгээ намрын дунд сард газар хөлдөхөөс өмнө өдөр судар үзэж авдаг ёстой. Газарт хадгалсан сүүгээ гаргаж аваад тоотой өдрүүдэд нар үзүүлж хатаана. Дараа нь ширхэггүй болтол нунтаглаж нүднэ. Ингээд л арц шиг ногоон хуурай будгийн бэлдэцтэй болж байгаа юм. Би зөвхөн товчхон ярьж байгаа юм шүү. Түүнийгээ усанд хийж шингэрүүлэн өтгөрүүлж тааруулна. Энэ будгаар ноос, ноолууран бүтээгдэхүүн будахад маш тохиромжтой. Мөн өнгө хувиргах олон янзын аргачлал байдаг л даа. Хусны дол, хар модны холтос, жимс, хүрэн манжингийн шүүсийг нэмснээр химийн бодисгүй цэвэр байгалийн будаг гаргаж авч байгаа юм. Ингэж гаргаж авсан будаг маань 64 хувирна. Ийм байгалийн будгаар нярай хүүхдийн хувцсыг будагт оруулахад элдэв сөрөг нөлөөгүй маш тохиромжтой. Ер нь Монголын өвс ургамал, цэцэг навч, жимс бол тэр чигээрээ байгалийн будаг юм шүү дээ.
-Таныг бас ямааны илгээр тэмдэглэлийн дэвтэр хийсэн гэж сонссон?
-Аавынхаа зааж өгсөн аргачлал буюу технологийг хэрэгжүүлж үзье гэж бодоод ийм дэвтэр хийсэн юм. Маш цэвэрхэн болохоос гадна бөх, бас чамин болдог. Хуудас нь цааснаас ялгагдах юмгүйдээ. Ер нь олноор хийе гэвэл дамжлагаар ажиллавал зүгээр юм уу л гэж боддог юм. Ялангуяа гадаадын хүмүүст болон хүндтэй зочиндоо бэлэглэвэл маш гоё бэлэг болохоос гадна Монгол гэсэн нэрийн хуудас, эх орны брэнд юм. Би одоогоор ноосон хүзүүний ороолт, хүүхдийн хувцас хийгээд түүнийгээ сүүн будгаараа өнгөнд оруулж байгаа. Малын ноос ноолууран хувцас бол монгол хүний бие организмд маш зохицолтой шүү дээ. Хүйтэнд дааруулахгүй дулаанаа хадгалах, бас халуунаас хамгаалж сэрүүнийг хадгалах чадвартай бүтээгдэхүүн гэж үзэж болно. Мөн ноосоор хийсэн будаатай дэр хийж үзлээ. Энэ нь багтраа өвчтэй хүн дэрлэж унтаад багтраагүй болсон нь нотлогдсон юм. Иймээс уламжлалт бүтээгдэхүүн гэдэг цэвэр мал, амьтны үүсэл гаралтай болохоор давхар эмчилгээнд ч гэсэн зориулагдсан байх нь байна шүү дээ.
-Таны ийм олон төрлийн бүтээгдэхүүн дээр зэрэг зэрэг ажиллаж байгаа нь бахархалтай байна. Одоо сүүлийн үед ямар уламжлалт бүтээгдэхүүн хийж байгаа вэ?
-Би 40 гаруй жилийн хугацаанд багшилж ирлээ. Гол зорилго маань уламжлалт аргаа л сэргээхийн төлөө юм шүү дээ. Аав ээж хоёр маань хоёулаа гарын дүйтэйгээс гадна уламжлалт арга ухааныг эрхэмлэдэг хүмүүс байсан даа. Аав гөлөм, жирэм, монгол гутал сайхан урлачихдаг, ээж болохоор ноос ноолуураар ахуйн хэрэгцээний юмаа хийчихдэг, оёдол үйлд сайн тийм л хүмүүс байсан.
Аав ээжийн маань хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга ухаан нь надаар дамжаад шавь нарт маань нөлөөлж байгаа гэж боддог. Миний насаараа бодож ирсэн хүсэл гэвэл уламжлалт бүтээгдэхүүний арга ухааныг судалж ирээдүй хойчдоо өвлөн үлдээх зорилго юм даа. Би эхээс 11-үүлээ, өөрөө 7 хүүхэдтэй, 30-аад ач зээтэй, жирийн л багш хүн дээ. Харин дүү нар, үр хүүхэд, гэр бүл маань миний зорьсон ажлыг бүгд дэмжиж ирсний хүчинд би өнөөдөр Монгол Улсын Гавьяат багш, Дүрслэх урлаг, дизайн технологийн дэд профессор гэдэг хүндтэй цолыг хүртсэндээ баяртай байна. Зарим хүүхдүүд маань миний ажлыг үргэлжлүүлж байгаа. Миний зээ охин Бадарчийн Энэрэл маань Итали улсад уламжлалт арга ухааны чиглэлээр суралцаж байна. Нөхөр маань Навааны Чойсүрэн эдийн засагч мэргэжилтэй. Миний амжилтын тэн хагас нь миний нөхрийн зүтгэл гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Сэтгэл санааг минь маш их дэмжиж тусалдаг. Өнөөдөр л гэхэд бид хоёр, гөлмийн эр, эм бар сийлээд сууж байна. 2018 оноос монгол бартай гөлөм урлаж эхэлсэн.
-Эр, эм бартай гөлөм гэж та ярилаа энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
-Гөлмийнхөө хээг модон дээрээ ухаж сийлдэг. Тэр ухсан хээндээ тугалга буюу эсвэл томсон утсаа суулгаж өгнө. Тэр утсаа давс, чихрээр зуурсан жонхуугаа түрхээд илгээ тавиад дээр нь өнөө талынхаа модон хээг тавьж хавчиж хатаадаг юм. Утасны бүдүүн, нарийнаас шалтгаалж гөлмийн товойж гарсан хээ нь тодордог юм л даа. Үүнийг л эр, эм бар гэж нэрлэж байгаа юм. Гөлмөө тойроод алхан хээ байна, үүнийг хамгаалалт хүрээ гэж нэрлэнэ. Мөн өлзий хээ байна, энэ нь бүрэн бүтэн байхын бэлгэдлийг илэрхийлж байгаа юм. Бас дөрвөн нүдтэй өлзий ордог, энэ нь гаднын халдлага, хэрүүл тэмцлээс хамгаалах утгыг шингээх зэрэг хээ болгон нь тус тусын бэлгэдлийг агуулснаараа онцлог. Мөн урд хасар, хойд хасар гэж байдаг. Нэг ёсондоо адууныхаа цээж, хондлойд гөлмөө тааруулж хийх зэрэг нарийн ухаан шаарддаг юм.
Мөн зүү ороож хийсэн эмэгтэй, эрэгтэй малгай урладаг. Энэ болгоныг багтааж ярина гэвэл цаг их орно байх аа.
Миний ажлыг болон ялангуяа сүүн будгийн талаар иргэдэд ойлголт өгч байгаа танай хамт олонд ажлын их амжилт хүсье.
-Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
Сүүн будаг гаргахын тулд сүүгээ хийж газарт 108 хоног булдаг тогоо

Сүүн будгийн бэлдэц

Сүүн будаг

Сүүн будаг 64 өнгөнд хувирдаг

Ноосоор хийсэн ороолтоо сүүн будгаар будсан байдал

Товгор хээтэй дөрвөн нүдтэй өлзий урлаж буй гөлөм

Элдэж боловсруулсан арьс нэхий

Ямааны арьсан хуудастай дэвтэрт гөлөм оёх технологио бичиж баринтагласан нь


Монгол хонины ноосоор эсгий хийж урласан дөрвөн хүчтэнтэй ширмэл аравч

Зээ охин Б.Энэрэлийн хийсэн Булган аймгийн газрын зураг

Ulaanbaatar