ГОВЬ-АЛТАЙ: Махны эрэлт хэрэгцээ их, үнэ нэмэгдсэнд иргэд шүүмжлэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-19 14:11:53

Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт махны эрэлт хэрэгцээ их, үнэ нэмэгдсэнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.


Өнөөдрийн байдлаар “Шинэ-Алтай” худалдаа үйлчилгээний төвд тэмээний мах нэг кг нь 5500, ямааны мах 9500-11000, хонины мах 10000-11000, адууны мах 10000, үхрийн мах бөөний үнэ 12000, жижиглэн 14500 төгрөгөөр худалдаж байна. 


Иргэд: “Жил ирэх тусам бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тэр тусмаа өмнөх жилүүдийг бодвол махны үнэ эрс нэмэгдсэн. Махаа худалдан авдаг төв суурингийн бидэнд хүндхэн л байна. Хоёр идэж хоосон хонохгүйн тулд бага багаар хэрэглээгээ хасаж танаж болгож байна. Арай хямд байх болов уу гээд нөөцийн мах худалдаанд гарахыг хүлээж байна” гэв. 


Харин махны худалдаа эрхлэгчид, малчдаас авсан үнэн дээр кг тутамд 500-1000 төгрөг нэмж борлуулдаг, ер нь зөвхөн мах бус өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байна. Зах зээлээ дагаад бид нэмэхгүй байж чадахгүй байна гэлээ. 


Махны үнэ нэмэгдэж байгаад малчид: “Малчид бидний өрхийн гол эх үүсвэр мал. Малаа онд мэнд оруулах, өвөл хаврыг өнтэй давах хамгийн чухал зүйл өвс, тэжээлээ бэлтгэх шүү дээ. Өвс тэжээлээс гадна өвөл, хавартаа хэрэглэх гурил, будаа гээд хэрэглээ бий. Жил бүр л өвс тэжээлийн үнэ нэмэгдэж байна, үүнээс болоод л бид мал, махны үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрч байна” гэлээ. 

相关新闻