БАЯНХОНГОР: Электрон тамхи худалдан борлуулахгүй байхыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Электрон тамхины хэрэглээг бууруулах зарим арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжаар, иргэд, хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, электрон тамхины хор хөнөөл, ирээдүйд учрах хор хохирлын талаар сурталчлан таниулах, хэрэглээг бууруулах чиглэлээр бодлогын арга хэмжээг үе шаттайгаар бодитой үр дүнтэй зохион байгуулж, улирал бүр танилцуулж ажиллахыг сумдын Засаг дарга, албан байгууллагын дарга нарт үүрэг болгов.
Мөн “Эрүүл ирээдүйг бүтээцгээе” уриаг хэрэгжүүлж, электрон тамхинаас татгалзахыг нийт иргэд, төрийн албан хаагч, хүүхэд, залуучуудад, электрон тамхи худалдан борлуулахгүй байхыг нийт худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт мөн уриаллаа.
ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж, сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэж буйг тогтоожээ.
Ялангуяа өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхи, никотинд донтох эрсдэл эрс нэмэгддэг байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, электрон тамхины хор нөлөө, эрүүл мэндэд учрах эрсдэлийн талаар ярилцаж, ойлгуулахыг чухалчилж байгаа юм.
Ulaanbaatar