Хүнс тэжээлийн дэмжлэгийг шаардлагатай өрхүүдэд үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-04 09:16:50

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхүүд өөрчлөгдөж, нэн шаардлагатай өрхүүдэд үйлчилгээг үзүүлэхээр болжээ.


ГБХНХЯ-ны мэдээлснээр, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэний мэдээллийг энэ оны есдүгээр сард шинэчилсэн. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийн босго оноо 180 болсон. Мөн өрхийн гишүүдэд сард олгох дэмжлэгийн хэмжээг нэг хүүхдэд 8000 төгрөг байсныг 12000 төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16000 төгрөг байсныг 20000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон байна.


Шинэчилсэн журамд өрхийн гишүүнээс хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлээгүй гишүүнд үйлчилгээг олгохгүй, хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхэлж байгаа гишүүнд хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах зорилгоор үйлчилгээг үзүүлэх, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд олон жил хамрагдсан эсхүл өрхийн амьжиргааны түвшин дээшилсэн өрхийг энэ үйлчилгээнд хамруулахгүй харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулна. Мөн ядуу өрхүүдэд чиглэсэн өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж өрхтэй ажиллах, хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрт хамруулах, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тэжээн тэтгэх хүүхэдгүй ганц бие харж хандах хүнгүй ахмад настанд түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлэх, хоол тэжээлийн дутмагшлын улмаас хүнд хэлбэрийн тураалтай хүүхэд болон гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг судлан үйлчилгээнд хамруулах, халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.  


Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/186 дугаар тушаалаар “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан.


Энэхүү шинэчлэн баталсан журам 12 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлжээ.

 

相关新闻