Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-04 09:42:39

БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний урилгаар лхагва гарагт буюу өчигдөр Бээжин хотноо хүрэлцэн ирж, тус улсад хийх гурван өдрийн төрийн айлчлалаа эхлүүлжээ.


Э.Макроны энэ удаагийн айлчлал нь түүний Хятадад хийж буй дөрөв дэх төрийн айлчлал бөгөөд мөн өнгөрсөн онд Хятад, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Ши Жиньпиний Францад хийсэн түүхэн төрийн айлчлалын дараах хариу айлчлал юм.


Айлчлалын үеэр Ши Жиньпин Хятад-Францын харилцааг зөв чиглэлд хамтран чиглүүлэхийн тулд Э.Макронтой хэлэлцээ хийнэ. Хоёр улсын удирдагчид мөн олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудын талаар санал солилцоно.


Хятад улс Францын хамтаар энэхүү айлчлалыг хоёр улсын дипломат харилцаа тогтоосны үндсэн үзэл санааг дэмжих, стратегийн харилцаагаа бэхжүүлэх, практик хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж болгон ашиглахад бэлэн байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч онцлов.


Тэрбээр цааш нь хэлэхдээ, хоёр тал Хятад-Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ ахиц дэвшил гаргаж, Хятад-Европын Холбооны харилцааг  тогтвортой хөгжүүлэх, олон талт үзлийг баримтлах, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалахад илүү их хувь нэмэр оруулахыг зорьж байна гэлээ. 


Э.Макрон Бээжинд хүрэлцэн ирснийхээ дараа Хориотой хотод зочилсон байна. Францын Ерөнхийлөгч энэ удаагийн айлчлалынхаа үеэр Украины дайныг зогсоох хэлэлцээ үргэлжилж буй энэ үед Бээжинг ОХУ-д дарамт шахалт үзүүлэхэд дахин ятгахыг оролдоно гэж Елисейн ордноос мэдээлжээ. Түүнчлэн Ши Жиньпинд “макро эдийн засгийн тэнцвэргүй байдлыг багасгах” чиглэлд хамтран ажиллахыг уриалах ажээ. Э.Макроныг Airbus, EDF, Danone зэрэг томоохон компаниудын удирдлагууд багтсан бизнесийн төлөөлөгчдийн баг дагалдан явж байна. Пүрэв гарагт талууд тээвэр, эрчим хүч зэрэг эдийн засгийн салбарт хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурна. Шарзны татварыг нэмэгдүүлэхтэй холбоотой маргааныг бараг шийдвэрлэсэн гэж Елисейн ордон мэдээлжээ. Гэхдээ хоёр улсын хооронд гахайн мах, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар санал зөрөлдөөн хэвээр байна.



相关新闻