ОУАЭА: Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт Монгол Улстай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-12-08 20:00:55
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий захирал Рафаэл Гросситой Вена хотноо уулзлаа.


Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийн тогтвортой байдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн тунхагласнаас хойш энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын хүчин чармайлтад тогтвортой хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв.


Ерөнхий захирал Рафаэл Гросси Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын ач холбогдлыг дурдан, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээрх идэвхтэй оролцоог өндрөөр үнэлэв. Тэрбээр Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц болон Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан нь дэлхийн цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болсон гэдгийг тэмдэглэлээ.


Монгол Улс 1973 онд ОУАЭА-ийн гишүүнээр элссэнээс хойш тус агентлагийн үйл ажиллагааг тогтвортой дэмжиж ирсэн бөгөөд Техникийн хамтын ажиллагааны шугамаар эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт 100 орчим үндэсний төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааны тод жишээ гэдгийг талууд нотлон тэмдэглэв.


Уулзалтын төгсгөлд ОУАЭА цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт Монгол Улстай цаашид улам нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.


Монголын талаас Ерөнхий захирал Рафаэл Гроссиг Монгол Улсад боломжтой үед нь айлчлахыг урьж, хамтын ажиллагааг шинэ шатанд өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


相关新闻