2026 онд нийслэлийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-10 16:39:25

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189.600 хүүхэд хамрагдана.


НЗДТГ-ын мэдээлснээр, энэхүү хөтөлбөрийг хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.  Уг хөтөлбөрийг  хэрэгжүүлснээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж буй.


НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “НЗДТГ-аас 2024 оноос нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгч ирсэн. Энэ хөтөлбөрийг цаашид өргөжүүлэх үүднээс нийслэлийн ирэх оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгалаа. Ингэснээр улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдэд долоо хоногт нэг удаа сүү өгөх юм. 2024 оноос хойш сүү тогтмол өгч байсан сургуулиудын хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулахад Д амин дэм, кальциар баялаг сүүг ууснаар хүүхдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжирч, ясны сийрэгжилт буурах зэргээр нөлөөлсөн. 2026 онд нэг өдрийн сүүний зардлыг НЗДТГ-аас, нэг өдрийг дүүрэг, орон нутгаас, нэг өдрийг эцэг, эхчүүд хариуцаж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгснөөр биеийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, хичээл сурлагад сайнаар нөлөөлнө” гэв.


Мөн олон улсын туршлагаас харахад хүүхдүүддээ сүү тогтмол өгдөг БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсад хүүхдийн дундаж өндөр нэмэгдсэн байна. Цаашид хүний хөгжил, хүүхдийн эрүүл мэндэд тогтмол анхаарч энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болжээ.

 

相关新闻