Японы хойд нутагт цунамийн сэрэмжлүүлгийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-12-12 15:56:50

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /NHK/. Японы хойд нутгийн Номхон далайн эрэг орчимд зарласан цунамийн сэрэмжлүүлгийг тус улсын Цаг уурын агентлаг цуцалжээ. 


Аомори мужийн зүүн эрэгт өнөө өглөөний 11:44 цагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа цунамийн сэрэмжлүүлэг гаргаад байлаа. Газар хөдлөлтийн голомт нь 17 км-ийн гүнд байжээ. Хоккайдо, Аомори мужуудын зарим хэсэгт 20 см өндөр цунами ажиглагдсан байна.


Хоккайдо болон Тохокү мужийн ихэнх хэсэгт Японы долоон түвшний шатлалаар дөрөвдүгээр түвшний хүчтэй чичирхийлэл бүртгэгджээ. Өнөө өглөөний газар хөдлөлт нь даваа гарагт тус бүс нутагт хүчтэй газар хөдөлсний дараа болж байна. Уг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Цаг уурын агентлаг мөн цунамийн түгшүүр зарласан юм.


Тус агентлагаас оршин суугчдыг болзошгүй томоохон газар хөдлөлтөд бэлтгэлтэй байхыг уриалсаар байна.


Газар хөдлөлтийн дараа атомын цахилгаан станцуудад ямар нэгэн хэвийн бус байдал ажиглагдаагүй

Аомори мужийн “Хигашидори” атомын цахилгаан станц болон Мияги мужийн “Онагава” станцад ямар нэгэн хэвийн бус байдал ажиглагдаагүй гэж “Tohoku Electric Power” цахилгаан эрчим хүчний компани мэдэгдсэн байна.


“Tokyo Electric Power” компани мөн “Фүкүшима-1” болон “Дайни” атомын цахилгаан станцуудад ямар нэгэн хэвийн бус байдал илрээгүй хэмээн мэдэгджээ. Цахилгаан станцын эргэн тойрон дахь цацрагийн түвшнийг хэмждэг хяналтын цэгүүдийн заалтад ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна.



相关新闻