АРХАНГАЙ: Зэмар Чойжин бурхны шүтээн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-15 11:57:42

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн музейн сан хөмрөгийн нэг хэсгийг бурхан шашны холбогдолтой, сонирхолтой үзмэрүүд бүрдүүлдэг.


Тухайлбал, танка буюу шүтээн бурхдын зураг, шашны хөгжим зэмсэг, хурал ном, тахилын эд өлгийн зүйл, шашны зан үйлийн зарим хэрэглэл бий. Эдгээр шашны цуглуулга нь Зая гэгээний өв, Заяын хүрээ болон нутгийн зон олны өв сангаас бүрдсэн байдаг.


Аймгийн музейд хадгалж буй эртний шүтээн бурхдыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Зэмар Чойжин бурхны шүтээнийг танилцуулъя.


Музейд хадгалж буй уг бурхны шүтээн нь 41.5х32см хэмжээтэй, шороон будаг, зотон зураг юм.


Зэмар Чойжин нь номын сахиус юм. Тэрээр хилэнт улаан дүртэй, эргэлдсэн гурван мэлмийтэй, тэргүүндээ норов оройт, хиур бүхий гавал дуулгатай, лагшиндаа баатрын хунг асаан, нум сум, илд, жад сэлтийг агсжээ. Баруун мутартаа бэрээ, зүүн мутартаа тэрсүүдийг цаламдан чирчээ. Зэмар Чойжин бараан зүсмийн морь хөлөглөн, шашинд тэрслэгчдийг гишгэлэн, хуйларсан галт шуурганы өмнө, бадам цэцгийн наран мандал дээр довтолгоно.


Зэмар Чойжингийн орой дээр номын хувцастай хуварга олбог сэнтийд заларч, үүлэн дунд оршино. Бүтээлийн доод хэсэгт догшдын тахил, зэр зэвсэг агссан, догшин улаан төрхтэй дөрвөн нөхрийг дүрсэлсэн байна. 

相关新闻