СҮХБААТАР: Дарьганга нутгийн газар усны нэртэй холбогдох зарим домгоос
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өөрийн гэсэн онцгой өв соёл, ёс заншилтай Дарьганга үндэстнүүдтэй холбогдох сонин, содон домог, түүх элбэг. Газар нутгийн хувьд ч байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт газруудтай. Эдгээрээс зарим газар усны нэрийн тайлбар, домгоос хүргэе.
Нэг.
АГТ НЬ ХҮРЭЭТ
Алдарт
Шилийн богдын зүүн суганд ийм нэртэй нэгэн багахан хонхор байх бөгөөд үүнийг “Агт нь хүрээт” гэдэг. Энэ хонхор эрт дээр цагт газар хөдлөлт буюу оргилтоос сууж үлдсэн байж болохоор өндөрлөг довцгийн орой маягтай, нэг км орчим диаметртэй юм. Энэ хонхорт “Ду” ноён адуугаа оруулаад дутуу,
гүйцдийг нь мэддэг байсан учраас “Агт нь хүрээт” гэдэг нэрийг олсон юм гэсэн домог үлджээ.
Хоёр. БИЧИГТИЙН ШАХАА
Энэ газар нь одоогийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 40-өөд км-т байдаг бөгөөд зүүн талаасаа огт мэдэгдэхгүй цэлийсэн тал үргэлжилж байгаад гэнэт доош цөмрөх мэт эгц буусан 100-гаад метрийн өндөртэй, 90 градусын эгц нэг км хиртэй урт хадан хясаа юм. Буу зэвсэг ховор байсан эрт үед хүмүүс энэ гайхамшигт хясааг ан гөрөөний ажилд ашиглан зээр гөрөөсийг үй олноор нь, сууриар нь шахаж оруулан сүйтгэж байжээ. Ийм учраас “Шахаа”-г “Бичигтийн” гэж нэрлэсэн тухайд: Уул хадан хясааны эгц энгэрүүдээр их хэмжээний бичгүүд байснаас болсон гэх бөгөөд тэр бичгүүдийг “Амьтныг ингэж үүрээр нь сүйтгэж болохгүй” гэсэн харууслын бичээс байсан гэж домоглодог байна.
Гурав. ХӨНДИЙН ХӨРГҮҮДИЙН ДОМОГ
Дээр өгүүлсэн “Бичигтийн шахаа”-ны баруун доогуур хоёрхон км-ийн зайтай гардаг урдаас хойш чиглэсэн их хөндийг “Хөргийн хөндий” гэдэг. Энд долоон хүн чулуу байдаг. Энэ хүн чулуунуудын домог “Бичигтийн шахаа”-тай холбоотой. Үүнд: Олон өвгийн дээд үед энэ нутагт эмэгтэйчүүдийг дур сэтгэлгүй эрчүүлд барьж богтлон өгөх ёс дагнан ноёрхож байсан үе байжээ. Тэр үед богтолгоод өртсөн зоригтой, эрс шулуун шийдэмгий зарим эмэгтэйчүүд энэ хясаан дээр ирж нисэж үхдэг байжээ. Энэ хөшөөнүүд тийм эмэгтэйчүүдийн түүхт явдалд зориулагдсан юм гэнэ билээ гэсэн домог байдаг байв.
Дөрөв. БОР ХААТ
Дээр үед Молцог элсний баруун урд захад (Ганга, Холбоо нуураас баруун урагш чигт) нутаг усандаа “Чо” ноён гэж алдаршсан нэгэн ноён амьдран сууж
байжээ. Түүний хатан нь гоцго (зарц) нарынхаа агаруу (модон хувин)-г түр хэрэглэхээр аваад буцааж өгөхөд агаруу нь улаан бор өнгөтэй болсон байж гэнэ. Учрыг лавлавал Чо ноёны улаан бор торгон өмдийг нь тэр агаруунд угаасан байжээ. Тэгээд гоцгийнх нь уул
агаруугаа эвдээд булжээ. Түүнээс хойш тэр нутгийг “Бор хаат” гэдэг болсон гэнэ, гэсэн домог үлджээ.
Тав. ГАДАС ЧУЛУУ
Шилийн богдын ойролцоо дундаа нэг км зайтай тус бүр дээрээ сэнж нүх бүхий гадас шиг хоёр чулуу байдаг бөгөөд энэ нь их Чингис богдын гүүн зэлний гадас гэсэн домогтой. Бас энэ хоёр гадас чулууны хооронд дундаа тав арван алхмын зайтай жижиг, жижиг хонхрууд байх бөгөөд үүнийг чагтны унаганы хөлөөр ухагдсан ором гэнэ.
Зургаа. СЭНЖИТ ХАД
Сэнжит өндөр гэж Шилийн богд уулын зүүн урд нь 10-аад км газарт талын дунд морины уяа, зэлний гадас маягтай хоёр сэнжтэй 5-6 метр өндөр хад байх бөгөөд хоорондоо нэг км орчим зайтай юм. Энэ хоёр хад нь Чингисийн гүүн зэлний гадас хэмээн домог яриа байдаг байна. Нарийн ажиглавал үнэхээр тэдгээр хадны хооронд хэсэг хэсэг газар нь хонхор, зарим дэвсгэр чулуун хаданд адуу, унаганы мөр байдаг нь сонирхолтой.
Ulaanbaatar