БАЯН-ӨЛГИЙ: Хүний их эмч Г.Бахытжан “Хүндэт донор” цол тэмдгээр шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2025-12-18 20:31:56

Өлгий, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, хүний их эмч Г.Бахытжан “Хүндэт донор” цол тэмдгээр шагнууллаа.


Эмч Г.Бахытжан нь мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд нийт 35 удаа донор болж, 12 литр цус хандивлан, 105 хүний амь авран хамгаалжээ. Түүний энэхүү онцгой үйлсийг нь үнэлж Монголын Улаан загалмай нийгэмлэгийн “Хүндэт донор” цол тэмдгээр шагнажээ.

 Шагналыг аймгийн Цус сэлбэх зохицуулах хорооны дарга М.Жанибек, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч А.Еркегүл, Цусны тасгийн эрхлэгч С.Ахсунхар нар гардуулан өгсөн бөгөөд энэхүү үйл явдал нь донорын ач холбогдлыг олон нийтэд таниулж, сайн жишиг болохуйц үйл хэрэг болж байна.                                     

Ташрамд, ХНХ-ын сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/164 дугаар тушаалаар батлагдсан амьд донор болон “Хүндэт донор”-ыг сувилуулах журмын дагуу “Хүндэт донор” цол хүртсэн хүнд дотоодын магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах хөнгөлөлт үзүүлдэг ажээ.


相关新闻