Татварын багц хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-22 17:07:14

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцжээ.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд улс орон даяар энэ онд 13 мянган иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлж, 176 мянган санал хүлээн авсан байна. Татварын багц хуулийг баталснаар 1 сая төгрөгийн орлоготой иргэн 152 мянган төгрөгийн татвар төлж байгаа бол 53 мянган төгрөг төлдөг болж, сарын бодит хэмнэлт 99 мянган төгрөг болох аж. Мөн сарын орлого 2.5 сая төгрөгийн орлоготой иргэн 380 мянгаас 251 мянган төгрөг төлдөг болох юм. Өрхийн хувьд 3.5 сая төгрөгийн орлоготой айл 534 мянгаас 213 мянган төгрөг төлдөг болж, татварын ачаалал буурахаар хуулийн төсөлд тусгасан байна.


Мөн хуралдаанаар Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг сонсжээ. Түүнчлэн Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн аж.

 

 

相关新闻