АНУ-ын эдийн засаг 4.3 хувиар өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны
арванхоёрдугаар сарын 24 /DW/. Инфляцыг тооцсон АНУ-ын бодит ДНБ энэ оны III улиралд
4.3 хувиар /оны дүнгээр/ өссөн нь сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн
өндөр өсөлт боллоо. Энэхүү мэдээллийг тус улсын Худалдааны яамны
дэргэдэх Эдийн засгийн дүн шинжилгээний товчоо мягмар гарагт нийтэлжээ.
Өсөлт өндөр гарсан нь хэрэглээний
зардал, экспорт болон төрийн зардал өссөний зэрэгцээ импорт буурсантай холбоотой гэж
эдийн засагчид дүгнэж байна. Dow Jones агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид
ДНБ 3.2 хувиар өснө гэсэн таамаглал дэвшүүлж байсан юм.
“III улиралд ДНБ 4.3 хувиар өсөж, 3.2
хувь гэсэн таамаглалаас нэлээд давжээ. Блүүмбэргийн 61 эдийн засагчийн 60
нь буруу тооцоолсон байна, харин “ТРАМП” ба бусад зарим сод ухаантнуудын зөв
байлаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп TruthSocial нийгмийн сүлжээний хуудсандаа
бичжээ.
“Сайн удирдлага, татварын ачаар
ийм амжилтад хүрлээ. Хэрэглээний зардал ба экспорт мэдэгдэхүйц өсөж, импорт ба
худалдааны алдагдал огцом буурч, инфляц байхгүй боллоо, Трампын эдийн засгийн
алтан үе эрчээ авч байна” гэж тэрбээр дүгнэсэн байна.
Харин энэхүү мэдээ цацагдсаны
дараа Америкийн хөрөнгийн зах зээлүүд идэвхгүй хариу үйлдэл үзүүлж, индексүүд ялимгүй
өсжээ. Тухайлбал, S&P 500 индекс 0.3 хувиар, Dow Jones - 0.2 хувиар, Nasdaq
-0.3 хувиар өссөн байна. Үүнд Д.Трамп нэлээд дургүйцэж, Холбооны
нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэллыг буруутгажээ. “Сайн мэдээ түгэж буй үед зах
зээл нэг л байрандаа байж, эсвэл унаж байгаа нь Уолл-Стритийн “толгойнууд”
өмнөх шигээ биш байна гэсэн үг. Өмнө нь сайн мэдээ сонсогдоход зах зээл тэлдэг
байсан, зах зээл өргөжиж буй үед ХНС-гийн шинэ дарга бодлогын хүүг бууруулаасай
гэж би хүсэж байна” хэмээн Д.Трамп нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Ulaanbaatar