Энэ онд нийслэлийн хэмжээнд 3000 гаруй нэгж талбарт газар чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-25 11:29:57

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ.


НЗДТГ-ын мэдээлснээр, инженерийн дэд бүтэц 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажилд 580 нэгж талбар чөлөөлсөн байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна.


2025 онд газар чөлөөлснөөр 11575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн. Түүнчлэн 60.3 км авто зам барихад 28 байршилд газар чөлөөлөв. Инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд 13 байршил, үерийн хамгаалалтын далан барихад таван байршил, цэцэрлэг, сургууль барихад 14 байршил, сургуулийн орчимд 800 автомашины зогсоол байгуулах, гурван дулааны станц барих, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй бусад барилга байгууламж барихад 21 байршилд газар чөлөөлөөд байна.


Харин нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 341 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 4344,05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр бэлтгэл хангажээ. Тухайлбал, ирэх онд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5, 6 буудал орчим, Гандан, “Өргөө” кино театрын арын дэнж, Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз 16 орчим, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн ойролцоо, Дамбадаржаад газар чөлөөлөх юм.

 

相关新闻