ДОРНОГОВЬ:Тэмээний уралдаанд 100 гаруй тэмээчин, уяач оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 21/МОНЦАМЭ/. Хатанбулаг сумын ЗДТГ-аас малчдын нэгдсэн өдөрлөгийг энэ сарын 20-21-нд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд аймгийн ХХААГ-аас “Малчны тухай хууль” болон “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн танилцуулга хийж, малчдын дунд спортын таван төрлийн тэмцээн болон “Түмэндээ өргөх аялгуу” урлагийн тоглолт толилуулжээ.
Мөн атан тэмээ, тайлаг тэмээ, торомны уралдаан явуулж, сайхан ингэ, шилмэл буур, сайхан хос шалгаруулсан байна.
Тэмээний уралдаанд Дорноговь аймгийн Улаанбадрах, Хатанбулаг, Зүүнбаян, мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын 100 гаруй тэмээчин, уяач оролцлоо.
Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр Хатанбулаг сум 197.1 мянган толгой мал тоолуулж аймагтаа тэргүүлжээ.
Үүний дотор 16.6 мянган адуу, 11.7 мянган үхэр, 95.1 мянган ямаа тоолуулж, малын гурван төрөлд аймагтаа тэргүүн байр эзэлсэн байна.

