ДОРНОГОВЬ: “Гурванбаян” баг поло төрөлд улсын уралдааны аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-26 14:37:11

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 24-25-нд Дундговь аймагт зохион байгуулсан “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, тэмээчдийн улсын V зөвлөгөөнд Дорноговь аймгаас оролцсон “Гурванбаян” баг улсын уралдааны поло төрөлд аваргаар тодорчээ.


Тэмээн поло тэмцээнд 24 багийн 120 тамирчин оролцсоноос дэд байрт Ж. Ганхүү ахлагчтай Өмнөговь аймгийн Булган сумын баг, гуравдугаар байрт Д. Наранбаатар ахлагчтай Өмнөговь аймгийн Манлай сумын “Далай” баг тус тус шалгарчээ.


Ташрамд, Дорноговь аймагт тэмээн поло спорт амжилттай хөгжиж, улсын хэмжээнд багагүй амжилт гаргасан байна. Тухайлбал, тэмээн пологийн туршилтын тоглолтыг 2002 онд Сайхандулаан сумын Цохио багт анх зохион байгуулснаар Монгол Улсад тэмээн поло үүсэж  хөгжих эх суурь тавигдсан гэж үздэг.


2002 оны 12 дугаар сарын 10-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулсан тэмээн пологийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээнд Сайхандулаан сумын Д. Чулуунбат ахлагчтай “Гурван хяргуй” баг хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэн. Харин 2013 онд Улаанбаатар хотод болсон “Монгол тэмээ-2013” өвлийн фестивалаас Х.Эрдэнэдалай ахлагчтай “Хоёр дулаан” баг тэргүүн байрт шалгарч, “Ижий говь” цомын эзэн болсон байна.



相关新闻