ДОРНОГОВЬ: “Хоёр дулаан” баг улсын уралдааны шагай шүүрэх төрөлд аварга болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 24-25-нд Дундговь аймагт болсон “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, тэмээчдийн улсын V зөвлөгөөнд Дорноговь аймгаа төлөөлөн оролцсон Сайхандулаан сумын “Хоёр дулаан” баг улсын уралдааны шагай шүүрэх төрөлд аварга болжээ.
Тус наадмын тэмээн дээрээс шагай
шүүрэх төрөлд
28 багийн 84 тамирчин өрсөлдсөн бөгөөд дэд
байрт Өмнөговь аймгийн Булган сумын баг тамирчид, гутгаар байрт Өвөрхангай
аймгийн Гучин-Ус сумын баг тамирчид тус тус шалгарав. Энэ нь нэг метр орчим өндөртэй тавцан дээр байрлуулсан шагайг тэмээчин
явдал дундаа шүүрдэг тэмцээн юм.
Эрт цагт монголчууд тэмээг ахуй, тээвэр,
ан гөрөө, дайн байлдаанд өргөн хэрэглэж байжээ. Тэмээн дээрээс шагай шүүрэх нь дайчин
эрсийн бэлтгэл сургуулилт байсан гэж үздэг төдийгүй говь, тал хээрийн бүс нутгуудад
эртнээс уламжилж ирсэн байна.
