ДОРНОГОВЬ: Цэвэршүүлсэн усны төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-29 16:27:23

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дэлгэрэх сумын ЗДТГ-аас сумын төвийн хүн амын хэрэглэж буй ундны усны чанарыг сайжруулах, ирээдүй болсон хүүхэд багачуудад эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усыг хэрэглэх зорилгоор цэвэршүүлсэн усны төв байгуулахаар болжээ.


Цэвэршүүлсэн усны төв байгуулах санаачилгыг "НҮБ-ын Хүүхдийн сан дэмжсэн бөгөөд цэвэршүүлсэн усны төвийн нийт 165 сая төгрөгийн санхүүжилтийн 65 сая төгрөгийг орон нутгаас, харин НҮБ-ын Хүүхдийн сан 100 сая төгрөгийг гаргахаар болжээ. Энэхүү төслийн үр дүнд сум орон нутагтаа, өдөр тутам 24 цагийн ажиллагаатай, цэвэр тохилог орчин бүхий үнэ хямд цэвэршүүлсэн ус хэрэглэх нөхцөл бүрдэх юм.


Дэлгэрэх сум 2000 орчим хүн амтай.Төвлөрсөн халаалт дулаанаар  төсвийн  долоон байгууллагын есөн обьект, 13 өрх, гурван аж ахуйн нэгжид халаалт дулаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлж байна.


Мөн 300 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургууль, 18 эмч, ажилтантай 10 ортой эрүүл мэндийн төв, 14 ажилтан албан хаагчтай, 75 хүүхдийн цэцэрлэг, 12 ажилтантай 200 хүний суудалтай соёл, спортын төв зэргээс гадна хувийн хэвшлийн олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм.

相关新闻