ДОРНОГОВЬ: Анхны төлөө “Гиннес бор” гэж нэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Айраг сумын Сайн-Ус багийн малчин, аймгийн аварга тэмээчин Сайжрахын Түмэнбаярын тэмээн сүрэгт энэ оны анхны төл гарчээ.
Тэднийх “Шинэ хоршоо” хөдөлгөөний үеэр “Хүй цагаа” хэмээх хоршоо байгуулан ингэ худалдан авч, ингэний сүүний ферм ажиллуулж байна. Говийн цагаан алт гэгдэх ингэний сүү, хоормог үйлдвэрлэж зах зээлд борлуулж байгаа бөгөөд 2025 оны жилийн эцэст 292 тэмээ тоолуулж сумандаа тэмээнийхээ тоогоор тэргүүлжээ.
Дорноговь аймагт удахгүй болох “Их говийн тэмээ” наадмыг “Гиннест хүрэх зам” уриан дор тэмдэглэх бөгөөд тэмээний наадмыг угтаж, өвлийн хүйтэн жавраар гарсан ботгыг нутгийнхан нь “Гиннес бор” хэмээн өхөөрдөн нэрлэжээ.
Ташрамд, Айраг сум өнгөрсөн оны жилийн эцсээр 1479 толгой тэмээ тоолуулсан бөгөөд тэмээнийхээ тоо толгойгоор аймагтаа наймд жагсаж байна.
