"Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийг сурталчлах сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВАвилгатай тэмцэх газраас "Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийг сурталчлах сургалтыг энэ сарын 21-23 өдрүүдэд Төв аймагт зохион байгууллаа.
Сургалтад төрийн болон нутгийн захиргааны удирдах албан тушаалтнууд болон төрийн албан хаагчдаас гадна хууль хяналтын байгууллагуудын албан хаагчид оролцсон нийт 230 хүн хамаарагдлаа.
Төв аймгийн төрийн байгууллагуудын албан тушаалтнуудад авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон орон нутагт нийтлэг гарч буй зөрчил дутагдлаас гадна “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн талаар танилцууллаа. Мөн Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг албан тушаалтны хувийн ашиг сонирхол болоод хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн гаргах талаар мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлсэн аж.
Цаашид “Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад сурталчлан хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэдийн өргөдөл гомдол хүлээн авах, авилгын эсрэг хууль болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтэд ахиц гаргах зорилготой хэмээн АТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний дарга Л.Сүх-Очир тайлбарласан юм.
Авилгатай тэмцэх газрын ажилтнууд зүгээс “ямарваа нэгэн бэлэг сэлтийг ил болон далд хэлбэрээр авах нь авилга гүнзгийрүүлэх шалтгаан нөхцөл болдог” талаар тайлбарлаад үндэсний хөтөлбөр батлагдсан нь авилгыг үндэс сууриар нь таслан зогсоох эх үүсвэр бүрдэж байгаа гэдгийг тэд онцолж байлаа.
Т.Есүхэйтөмөр