Гурван тивийн шавьжийн ангийн гайхамшигт ертөнцөөр аялуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГАзи, Африк, Америк тивийн 17 орны тансаг байгальд тархсан, Улаан номонд орсон, нэн ховор 17 овог 178 зүйл эрвээхэй, 431 төрөл зүйл шавьжийг шилэн хоргонд байрлуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихээр татна.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс анх удаа толилуулж буй энэхүү “Шавьжийн гайхамшигт ертөнц” үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийв.
Энэхүү урд өмнө үзэж байгаагүй шавьжийн ангийн амьд байгалийн түүхэн хөгжлийн эрин галавт үүсэж хөгжсөн сонин хачин биет үзмэрийн үзэсгэлэнг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор М.Бямбасүрэн, ӨМОЗО-ы Багшийн их сургуулийн профессор Ноннайжав нарын санаачилгаар гаргаж байна.
Тус хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн хэлэхдээ, “Эрвээхэй нь гоо зүй, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой. Анх Хятадын эзэн хааны хатан торгоны хүр эрвээхэй торгыг өөрөөсөө ялгаруулж нэхдэгийг олж хараад үүнийг ашиглаж даавуу гаргаж хүн төрөлхтөн хэрэглэж байя гэсэн санаа гаргасан. Тэр цагаас Торгоны зам худалдааны төв зам болсон түүхтэй. Мөн Австрали, Америк, Африкийн олон оронд хөдөө аж ахуйн фирмд эрвээхэйний өндөр ач холбогдолтой туршлагууд бий. Үүний зэрэгцээ эрвээхэй харахад үзэсгэлэнтэй гоёмсог боловч хор хөнөөлтэй. Монгол орны ойд тархсан 10 орчим зүйл эрвээхэй ой модыг ихээр гэмтээж, дахин сэргэхгүйгээр хор хөнөөл учруулдаг. Энэ үзэсгэлэнгээс ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд Монгол орныхоо байгалийг танин мэдэх, хүрээлэн буй байгалиа хайрлан хамгаалах ёс суртахуунтай болон хүмүүжихээс гадна амьд байгалийн урлалыг биетээр үзэх боломжтой” гэв.
Үзэсгэлэнд дэлхийн хамгийн том, орчинтойгоо зохицож биеэ хамгаалах чадвартай, далбаат, шувуун далавчит эрвээхэйнүүдээс гадна цохын багийн 12 овог, 228 төрөл зүйл, хагас хатуу далавчит бясааны багийн 5 овог, 5 төрөл, сонын багийн 1 овог 3 төрөл зүйл буюу 6 багийн 42 овогт хамаарах шавьжийг толилуулж байна.
Дэлхийд хайрсан далавчитны багаас 126 овог, 46 дэд овог, 180 мянган зүйл эрвээхэй тархсанаас Монголд 2 дэд багийн 24 овог 1000 гаруй зүйл бүртгэгджээ.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ