Арбулаг сумын сургуулийн дотуур байрыг пассив технологийн жишиг загвараар шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр "Шинэчлэл" төслийг санаачлагч Ц.Түмэнбаяр, Э.Баянмөнх нарыг хүлээн авч уулзан, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг пассив технологийн шийдлээр дулаалж шинэчлэх талаар санал солилцлоо.
Боловсролын яамны мэдээлснээр, тус төсөл нь хуучин барилгыг буулгахгүйгээр дулаан алдагдлыг бууруулж, ашиглалтын хугацааг уртасган, халаалтын зардлыг хэмнэх зорилготой юм. Уг жишиг загварыг цаашид бусад сургуулийн барилгад хэрэгжүүлэх боломжтойг онцлов.
Боловсролын салбарын барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг сайжруулах, дулаалж шинэчлэх ажлыг бодлогоор дэмжихээ сайд илэрхийллээ.
Пассив хаус
технологи нь тухайн байрыг ашиглах явцад үүсч байгаа дулаан, гэр ахуйн
цахилгаан хэрэгсэл, дотор нь ажиллаж, амьдарч байгаа хүний биеэс ялгарч байгаа
дулааныг эрчим хүч болгон ашигладагаараа онцлог юм.